НАЦАГДОРЖИЙН ОЮУН-УНДРАА (1971-2016)
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн салбарын Гадаад хэлний төвийн ахлах багш Нацагдоржийн Оюун-Ундраа 2016 оны 01-р сарын 09-ний өдөр өвчний улмаас мөнх бусыг үзүүллээ.
Тэрбээр 1971 оны 12 сарын 26-нд Улаанбаатар хотод төрж, нийслэлийн II сургууль, 1994 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг англи хэлний багш-судлаач мэргэжлээр дүүргэж, 1994-2011 онд МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн англи хэлний тэнхимд
багш, 2011 оноос МУИС-ийн ГХТ-д ахлах багшаар тус тус ажиллаж байлаа. Энэ хугацаанд олон зуун оюутанд ерөнхий, академик, мэргэжлийн англи хэлний хичээлийг заан Монголын өнөөгийн болон ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд сэтгэл оюунаа зориулж ирсэн билээ. Үүний зэрэгцээ судлаач хүний хувьд тэрээр олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний 20 гаруй хуралд оролцон илтгэл өгүүллээ хэлэлцүүлж санаа бодлоо хуваалцаж байлаа. Тэрээр МУИС-ийн академик англи хэл судалж буй оюутнуудад зориулж “Академик үгийн сангийн толь бичиг унших дадал” номыг санаачлан бусад багш нарын хамт түвшин бүрээр эмхэтгэн хэвлүүлсэн нь өдгөө суралцагсдын чухал гарын авлага болоод байна.
Н.Оюун-Ундраа нь “Монгол яруу найргийг орчуулах асуудалд (Д.Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?”, “Туулын шугуй” шүлгийн орчуулгад тулгуурлан) сэдвээр хэл шинжлэлийн магистрийн зэргийг 2011 онд МУИС-ийн МХСС-д хамгаалжээ. Яруу найргаар илэрхийлсэн монгол хүний сэтгэл, хайр, хүсэл эрмэлзлийг англи хэлнээ буулгахад тэрээр чин сэтгэлээ зориулж байсан юм. Мөн Д.Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”, Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол”, “Чиний дурлал”, “Бадамлянхуа цэцэг”, “Туулын шугуй”, “Би хаана төрөө вэ?”, “Реквием”, “Нуга дахь зуны өглөө”, С. Эрдэнийн ”Өвгөн шувуу”, С.Дуламын “Бийрийн үзүүр хөндүүрлэхүй” зэрэг Монголын сонгодог зохиолчдын яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын хэдэн арван бүтээлийг англи хэлнээ хөрвүүлж Монголын уран зохиолыг гадаадад таниулахад ихээхэн хувь нэмрээ оруулжээ. 2008 онд Мексикийн Акапулько хотноо болсон Дэлхийн яруу найрагчдын XXVI их хурлаас гаргасан шилдэг шүлгийн түүвэрт С.Дуламын “Бийрийн үзүүр хөндүүрлэхүй” шүлгийн орчуулга нь багтаж хэвлэгдсэн нь түүний орчуулга хэчнээн уран яруу, зөв төгс, утга ойлгомжтой болж байсныг илэрхийлнэ. Тэрээр 2008 онд “Сувдан дуслын хэлхээс” хэмээх 5 цуврал яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын орчуулгаа хэвлүүлсэн нь англи хэл суралцагч, Монголын утга зохиолыг сонирхогч, судлаач, гадаад дотоодын олон мянган хүний шимтэн уншдаг, иш татдаг, монгол ахуй соёлын талаар үндсэн мэдээлэл олж авдаг англи хэл дээрхи гол эх сурвалжийн нэг болсон юм.
Монголын боловсролын салбар, утга зохиолын салбарт цаг хүчээ үл гамнан өөрийгөө зориулж байсан нэгэн сайн багш, сурган хүмүүжүүлэгч, анд найз, шилдэг орчуулагч, хайртай хүнээ цаг бусаар алдсандаа хамт олон нь гүнээ харамсаж байна.
Сайхан сэтгэлийн үүд цаг үргэлж нээлттэй байж, ариун үйлс бүхэн мөнхөд дэлгэрэх болтугай.
Ум сайн амгалан болтугай!
Монгол Улсын Их Сургуулийн захиргаа
Шинжлэх Ухааны Сургуулийн захиргаа
Гадаад Хэлний Төв