УУГАН ИХ СУРГУУЛЬ МУИС БА Ю.ЦЭДЭНБАЛ

Share Button

2015 оны 11-р сарын 12-ны өдөр МУИС-ийн оюутан залуусын төлөөлөл бид ууган их сургуулийнхаа үүсэл хөгжлийн түүхийг судлан мэдэх зорилгоор “МУИС ба Ю.Цэдэнбал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд, тус хэлэлцүүлэгт МУ-ын Ардын багш, Хэл шинжлэлийн ухааны доктор дрофессор, МУИС-ийн дэд захирал асан С.Галсан тэргүүтэй арав гаруй эрдэмтэн оролцож залуу үедээ үнэн түүхийг хүүрнэсэн билээ. Тэдгээр эрдэмтдийн дурсамж, МУИС-ийн түүхийг судлан үзэхэд МУИС-ийг санаачлан байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүн нь Монголын төр, нийгэм, засаг, цэргийг 44 жил удирдан жолоодсон, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал болох нь тогтоогдсон бөгөөд тодорхой баримтуудыг дор сийрүүлье

Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 – 1991 оны 4 сарын 20) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын удирдагчдын нэг байжээ

ХХ зууны Монголчуудын соёл боловсрол, шинжлэх ухааны салбарт олсон томоохон дэвшилтийн нэг бол манай ууган их сургууль, эрдмийн их уурхай Монгол Улсын Их Сургууль байгуулагдсан явдал билээ. Өдгөөгөөс дал гаруй жилийн өмнө тулганы галаа бадрааж, өндөр үүдээ өргөсөн МУИС-ийн түүх болон, үүсгэн байгуулагчдын тухай төдийлөн ярьдаггүй, ярихыг хүсдэггүй байсан цаг нэгэнт халагдаж, үндэслэн санаачлагдаа эргэн дуурсах, судлан мэдэх болсон нь залуу судлаачид бидэнд болон, их сургуулиар овоглогдсон хэн бүрийн бахархлын хэрэг болсон нь үнэн юм. Сүүлийн жилүүдэд МУИС-ийн түүхэн замналд нилээдгүй шинжлэх ухаанчаар хандаж, бие даасан судлаачид төрөн гарсан нь түүхийн шаардлага гэж хэлж болохуйц ач холбогдолтой үйл хэрэг болжээ.

Хүнд хэцүү дайны жилүүдэд байгуулагдаж, эх орондоо шаардагдах дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсд өнөөдөр ч асар их хувь нэмрээ оруулж буй МУИС-ийн түүхийг энэхүү номын маань редактор, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Жамбалсүрэн судалж, залуу үедээ үнэт өв болгон үлдээснийг энэхүү хэсэгт товчоор илэрхийлэхийг хүслээ.

МУИС-ийн үүсгэн байгуулагдсан товчоон 1940 онд хуралдсан МАХН-ын Х их хуралтай салшгүй холбогдох аж. Тус их хурлаас “Ойрын жилийн дотор дээд сургууль байгуулах тухай бэлтгэлийг хангах” (МАХН-ын Х их хурлын дэлгэрэнгүй тайлан- УБ 1970, т.58) гэсэн заалт орсон нь их сургуулийн үүсэл хөгжлийн эхлэл тавигдсан гэж хэлж болох юм. Мөн түүнчлэн уг уг тогтоолын төсөл, баримт бичгийг боловсруулах ажлын хэсэгт Х их хурлаас шинээр сонгогдсон Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, анхны дээд боловсролтой сэхээтэн Ю.Цэдэнбал орж ажилласан нь МУИС-ийн үүсэл хөгжилд Ю.Цэдэнбал холбогдлж байгааг тодорхойлж байна.

Дээрх их хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн 1940 оны 12-р сарын 6-нд БНМАУ-ын СнЗ-өөс “Улаанбаатар хотноо улсын университет байгуулах тухай” 45-р тогтоол гаргажээ. Уг тогтоолд “Монгол Улсын дотор анхдугаар дээд сургууль болох Улсын университетийг мал эмнэлэг-зоо техникч, сурган хүмүүжүүлэх, хүн эмнэлгийн гэсэн гурван анги бүхий АГЯ-ны харьяанд Улаанбаатар хотноо байгуулсугай. Улсын университетийг цаашид дээр дурдсан МУИС-ийн ангиудад хөгжих бүлэгтэйгээр 1941.10.01-ээс эхлэн нээсүгэй.” (МУИС-ийн архив. 1942. Хавтас №7, Ц.Жамбалсүрэн: МУИС ба Ю.Цэдэнбал 2012 15-р тал) хэмээн заасан байдаг. Гэвч дайны нөхцөл байдал болон дотоодын туршлага дутсаны улмаас их сургуулийг байгуулах ажил удааширч, орхигдоход хүрчээ. Ийм учир НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, маршал Х.Чойбалсанд энэ тухай сануулж, өөрөө удирдан ажиллахыг хүсч, маршал ч хүслээр нь болгосон байна. Тодруулбал, 1941 оны НТХ-ны хурал дээр Ю.Цэдэнбал: -юуны өмнө хүмүүсийг эрүүлжүүлэх, малын өвчнөөс ангижрах хэрэгтэй. Үндэсний мэргэжилтэн бэлтгэх, УИС байгуулах, тэнд эмч бэлтгэх явдал чухал байна гэхэд Маршал Х.Чойбалсан: -энэ их зөв зүйтэй санал байна. Би Ивановтой ярья..1 . Чи бичгийн төсөл бэлд гэж хэлсэн нь хашир маршал Х.Чойбалсан,  залуухан, дээд боловсролтой НТХ-ны даргадаа итгэж хариуцуулсны баталгаа ажээ.

Ийнхүү их сургуулийг байгуулах их ажил эргэн сэргэж 1942 оны 06-р сарын 11-нд Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн “БНМАУ-д дээд сургууль байгуулах тухай” тогтоол гарчээ. Уг тогтоолд: “1. Урьд баталсан төлөвлөгөөнд заасны дагуу дээд сургуулийн бэлтгэл салбарт суралцах боломжтой хүмүүсийг 1942.06.20 гэхэд бэлэн байлгахыг Эрүүлийг хамгаалах болон Мал тариалангийн яасдад үүрэг болгох 2. Үүний зэрэгцээ эрхэлж байгаа албан тушаалыг үл харгалзан БНМАУ-ын бүх иргэдээс бэлтгэл салбарт чөлөөтэй элсүүлэх явдлыг зарлан явуулах, 3. Дээд сургуулийн бэлтгэл салбарт шаардлагатай мөнгөн хөрөнгө гаргахыг Сангийн Яаманд, 4. 1942 оны 07-р сарын1-ээс Холбооны сургуулийн байшинг дээд сургуульд түр ашиглуулахаар чөлөөлж, шилжүүлэн өгөх, 5. Дээд сургуульд уригдан ажиллах зөвлөлтийн мэргэжилтэн багш нарт одоо баригдаж байгаа байшингаас 4 байр гаргаж өгөх, 6. Хилийн цэргийн сургууль ба холбооны сургуулийн чөлөөлөгдсөн барилгыг их сургуулийн мэдэлд шилжүүлэхийг Дотоод явдлын яаманд санал болгосугай. 7. Холбооны удирдах газрын дэргэдэх нэг орон сууцыг их сургуулийн мэдэлд шилжүүлэх, 8. 1942 оны 8-р сарын 1 гэхэд их дээд сургуулийн танхимуудад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг яаралтай оруулж ирэх арга хэмжээ авахыг худалдааны яаманд үүрэг болгосугай. МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал” (МАХН-ын Төв архив.ф.1, т.9, хн.226, т.100-111)  гэж зааж, МУИС үндсэндээ байгуулагджээ.

Дээрх тогтоолыг СнЗ, НТХ-ны тэргүүлэгчдийн хамтарсан хурлаар хэлэлцүүлж, албан ёсоор баталгаажуулсан эцсийн тогтоол гаргаж, тэргүүлэх гарын үсгийг Ю.Цэдэнбал зурсан байсан нь МУИС байгуулах ажлыг биечлэн удирдаж байсны  баталгаа юм.

цэдэнбал

Юмжаагийн Цэдэнбал /ВикипедиаА чөлөөт нэвтэрхий толь/

1942 оны 10-р сарын 05-нд Монголын дээд боловсролын ууган уурхай Монгол Улсын Их Сургууль албан ёсоор өндөр үүдээ өргөжээ. Их сургуулийг нээх ёслол Ленин клубд болж, хурлын тэргүүлэгчээр И.В.Сталин, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг сонгож, их сургуулийн зорилго болон оюутан суралцагчдад хандсан гол илтгэлийг Ю.Цэдэнбал танилцуулжээ. Тус илтгэлд: “Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ хурцаар мэдрэгдэж байна. Хэрэв урьд бидний хэрэгцээг дунд сургуулиас авч буй боловсон хүчин үндсэндээ хангаж байсан бол хүн амын соёл, улс төрийн түвшин өсөхийн хэрээр жил ирэх тутам дээд боловсролтой мэргэжилтнүүд улам ихээр шаардагдаж байна… Манай оронд дээд сургууль нээж байгаа нь өөрийн эх орондоо дээд мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх бололцоог бидэнд анх удаа олгож байна… Нээгдэж буй дээд сургуульд элсэн суралцагч бүр оюутан болох нь ихээхэн нэр төрийн хэрэг гэдгийг ойлгох ёстой. Түүнчлэн өөртэйгөө маш шаргуу хичээнгүй ажилласан нөхцөлд л дээд боловсролыг жинхэнэ ёсоор олж авна гэдгийг оюутан нэг бүр ойлгох хэрэгтэй…” (МУ-ын Үндэсний төв архив. ф.334, д.1, хн.3, т.10-14) хэмээсэн нь анхны дээд боловсролтой сэхээтний хувьд шинэ залуу оюутнууддаа өгч буй үүрэг болсон байна.

1943 оны 05-р сарын 20-нд МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчид, СнЗ-ийн хамтарсан хурлаас “МУИС-ийн хичээлийн төв байр барьж яаралтай дуусгах тухай” тогтоол гаргасанд НТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тэргүүлэн гарын үсэг зурж, Ерөнхий сайд Х.Чойбалсан удаалан зуржээ. Хожим нь 1944 оны 10-р сарын 03-ний өдөр МУИС-ийн хичээлийн шинэ байрыг хүлээн авах Улсын комиссын актанд Ю.Цэдэнбал гарын үсэг зурсан нь МУИС-ийн үүсгэн байгуулагдах бүхий л үйлсд Ю.Цэдэнбал тэргүүлэн оролцож байсныг илтгэн харуулж байна.

Ю.Цэдэнбал МУИС-ийг бэхжүүлэхэд цаг ямагт анхаарал тавьж, Монголын эрдэм мэдлэгийн гол уурхай болсон энэ сургуульд  элэгсгээр хандаж, өөрөөс шалтгаалах бүхнээр тусалж дэмжиж  байжээ. МУИС-ийн ректороор 17 жил ажилласан, академич Н.Содном “Монгол Улсын Университет“ номынхоо “Буянтай учрал“ бүлэгт Ю.Цэдэнбалтай уулзаж саналаа хэлсний ачаар “Улсын 60 жилийн ойгоор урьд үзэгдээгүй олон багш нар төр, засгийн шагнал авч, дараа нь түүхэнд үзэгдээгүй олон орон сууцыг МУИС-д бэлэглэсэн юмаа. МУИС-д тус бүр 300 хүн суух оюутны байр 3-ыг, багш нарын 48 айлын орон сууц 2-ыг улсаас бариулж өглөө. Цэдэнбал дарга их сургуулиа мартсангүй“ (Н.Содном. Монгол Улсын университет.УБ.,2003,т.40) гэж тэмдэглэн бичжээ. Олон улсад хүндтэй энэ эрдэмтнийг Ю.Цэдэнбал Дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролын улсын хорооны даргаар томилж байсан бөгөөд хожим нь Н.Содном ШУА-ийн Ерөнхийлөгчөөр ажилласан билээ.

ц бал 1МУИС-ийн түүхэнд нэрээ үлдээсэн нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, Гавьяат багш О.Шагдарсүрэн дурсахдаа: “Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлагч, зохион байгуулагч, их сургуулийн нээлтийн хурал дээр их сургуулийн зорилгыг тодорхойлсон гол илтгэлийг тавьж байсан хүний хувьд их сургуулиараа бахархаж, цаг ямагт санаа тавьж, тулгарсан асуудлыг шууд шийдэж өгдөг хүн байж билээ. Цэдэнбал дарга ер нь ШУА, МУИС-ийн эрдэмтдийг байнга урьж уулздаг, үүндээ их дуртай хүн байсан. Ялангуяа Б.Ширэндэв, Д.Цэвэгмид, Ж.Батмөнх, Н.Содном, Хурметбек бидэнд их дотно хүндэтгэлтэй ханддаг байсан юм. Олон жилийн дарлалын дараах XX зууны сэргэн мандлын 44 жил энэ хүнтэй холбоотой байсан. Энэ хүнийг би Монголын жинхэнэ хаан хүн гэж боддог. Төр улсаа ухаалгаар удирдаж байсан хүн. Угсаа залгаагүй болохоос улс төр, ард түмнийхээ төлөө нэгэн сэтгэлээр зүтгэсэн ард түмний хаан байв“(Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.281,284) гэжээ.

МУИС-ийн ректороор ажиллаж байсан, Гавьяат багш Д.Дорж их сургуулийн амьдралд Ю.Цэдэнбалын гүйцэтгэсэн үүргийг тодорхойлж: “Монголын эгэл жирийн малчин ардын хүү би миний ард түмний бахархал болсон МУИС-ийн ректороор ажиллаж байсныгаа боловсрол, их сургууль, шинжлэх ухааныг хөгжүүлэх Ю.Цэдэнбал гуайн их бодлогын ач үр гэж боддог. Чухам энэ үед Монголын дээд боловсрол хөгжсөн. Энэ хүн МУИС-ийг санаачлан байгуулагчийн нэг, олон жил их сургуулийн амьдралыг удирдаж, хамгийн шилдэг боловсон хүчнээ их сургуульд томилж, их сургуулийн материаллаг базыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан болохын хувьд МУИС-ийн түүхийн алтан хуудсыг бичилцсэн хүн гэж зүй ёсоор тооцогдох ёстой. Энэ тухай МУИС- ийн хамт олон, оюутан залуус, төгсөгчид гүн хүндэтгэлтэйгээр санаж дурсах нь их сургуулийнхаа түүхийн өмнө бидний хүлээх ариун үүрэг мөн” (Ю.Цэдэнбалын Академийн архив. ф.1, хн.7, т.19) гэжээ.

МУИС-ийн ректор байсан, Монголын дээд боловсролын том зохион байгуулагчдын нэг, доктор, профессор С.Даваа: “Их сургууль байгуулж, цаашид хөгжүүлэх талаар Ю.Цэдэнбалын толгойлж байсан НТХ, СнЗ удаа дараа хэлэлцэн тогтоол шийдвэр гаргаж, харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлсэн нь архивын баримтаас харагдаж байна. Түүгээр ч барахгүй их сургуулийн барилгын шав тавих, нээлт болон анхны төгсөлтийн ажиллагаанд оролцож үг хэлж байснаас үзэхэд энэ түүхэн зүтгэлтэн хир их ач холбогдол өгч байсан нь харагдаж байна” гэжээ.

ц бал 2Монгол Улсын Гавьяат багш, МУИС-д Сургалтын албаны дарга, Ардын боловсролын сайд, УИХ-ийн дарга, МУИС-ийн ректор байсан, доктор,профессор Санжбэгзийн Төмөр-Очир: “МАХН-ын Х их хурлаас дээд сургууль байгуулах шийдвэр гаргахад Ю.Цэдэнбалын хүчин чармайлт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангаж, МУИС-ийг нээхэд “Дээд сургуульд суралцагчдын суралцах зорилгын тухай” гэсэн гол илтгэл Ю.Цэдэнбал тавьж, тус сургуулийн зорилтыг анх тодорхойлсон нь одоо ч ач холбогдлоо алдаагүй байна МУИС байгуулагдсанаас хойш ч Ю.Цэдэнбал дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, багш нарыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцуулах, эрдмийн бүтээл, шинэ санаа технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд онцгой анхаарч байсан юм” (Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.9)  гэсэн юм.

МУИС-ийн ректороор ажиллаж байсан нэрт физикч эрдэмтэн, профессор Ц.Ганцог хэлэхдээ: “Өнгөрсөн зууны эхэн, дунд үед төрөн гарсан үндэсний том сэхээтний нэг болох нам, төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын алсын хараатай бодлого, хүчин чармайлт, удирдлагын дор Монгол улс бичиг үсэг үл мэдэх явдлыг богино хугацаанд халсан Азийн анхны орон болж, сургуулийн насны бүх хүүхдийг сургуульд бүрэн хамарсан, үнэ төлбөргүй сургалттай, боловсролын иж бүрэн тогтолцоотой орон болж чадсан нь манай ард түмний түүхэн бодит ололт амжилт байлаа. Манай улсад орчин цагийн дээд боловсролын ууган байгууллага болох Улсын университет байгуулах түүхэн шийдвэр гаргах, үүсгэн байгуулах, улмаар түүний материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр ханган бэхжүүлэх үйлсэд Ю.Цэдэнбал томоохон үүрэг гүйцэтгэсэн болохыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна” (Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.137,138)  гэжээ.

Монгол Улсын ШУА-ийн дэд Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн,  академич, ОХУ-ын ЭЗА-ийн академич, МУИС-ийн тэргүүлэх профессор, доктор /Sc/ Т.Дорж: “МУИС-ийг үүсгэн байгуулж, хөл дээр нь зогсоох, үйл ажиллагааг өргөжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, ялангуяа эдийн засгийн салбар байгуулсан, ЭЗФ, улмаар ЭЗДС байгуулсан гол автор нь Ю.Цэдэнбал байсан юм. Эдийн засгийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, эдийн засгийн цоо шинэ бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан, Монголын анхны дээд боловсролтой эдийн засагч, үндэсний том сэхээтэн энэ хүнд ШУА-ийн бүх гишүүдийн чуулганаас эдийн засгийн шинжлэх ухааны доктор цол олгосон нь тухайн үеийн Монголын том эрдэмтэд, эдийн засагчдын үнэлгээ мөн байв. Хожуу үеийн эдийн засагчид бид үүнийг жинхэнэ хүнээ олсон шийдвэр гэж үздэг юм. Намын удирдлагад гарч ирсэн тэр үедээ Ю.Цэдэнбал 1940 онд Их сургууль байгуулах заалтыг намын Х их хурлын тогтоолд санаачлан оруулж, их сургуулийн зорилтыг анхлан дэлгэрэнгүй тодорхойлж, үг сургаалаа хэлж, их сургуулийг байгуулах, боловсон хүчин, удирдлага, эдийн засаг, санхүүгийн талаар бэхжүүлэхэд олон жилийн турш хамгийн том хувь нэмэр оруулж байсан МУИС-ийн эцэг болсон хүний хувьд нь манай хамт олон, оюутан, төгсөгчид онцгой анхаарч тахиж явах ёстой гол хүн гэдгийг хэлэхийг хүсэж байна” (Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.186,187) гэжээ.

ахөхыхМонгол Улсын Ардын ,Гавьяат багш, ШУА-ын Академич, МУИС- ийн проректор, МУИС-ын Математикийн хүрээлэнгийн захирал байсан, доктор /Sc/, профессор А.Мекей: “МУИС-ын бараг бүх л ой тэмдэглэх комисст миний бие орж ажиллах хувьтай байв. 20, 40, 50, 60 жилүүд. Төрөлх сургуулиараа насан турш бахархан явдгийн хувьд сургуулийн түүх замналыг судлахад ч олон жил оролцсон юм. 1982 онд МУИС-ийн 40 жилийн ойгоор сургуулийн архивт олон хоногоор сууж тун сайн баримт материалтай танилцсан. Энэ бүгдийг уншиж судалж байхад МУИС-ийг гол санаачлагч, санаа тавьж байсан  хүн нь Ю.Цэдэнбал гэж би үзсэн. ДТДБУХ байгуулагдах хүртэлх бүх үед МУИС-ийн талаар авсан олон арга хэмжээнд энэ хүн биечлэн оролцож, сэтгэлээ зориулж байжээ. Их сургуулийг хөгжүүлэх, сургалтыг боловсронгуй болгоход их анхаарч байсан хүн бол энэ хүн юм. Монголын дээд боловсрол, ялангуяа МУИС-ийн түүхийг судалж байхдаа миний олж мэдсэнээр дээд сургуульд жинхэнэ утгаар суралцан төгсөж, диплом өвөртөлсөн анхны дөрвөн монгол хүний эхнийх нь Ю.Цэдэнбал байсан юм. Монгол улсын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан МУИС-ийг арван жилийн боловсрол ч олигтой хөгжөөгүй, бичиг үсгээ мэддэг хүн ч ховор байсан, дайны хүнд үед ихээхэн сэтгэл, хүчин чармайлт гарган байгуулсан нь үнэхээр холын хараатай, зоригтой, зөв шийдвэр, алхам мөн байв”(Ю.Цэдэнбал МУИС-ийн түүхэнд.-УБ., 2010,т.24.) гэжээ.

“МУИС-ийн түүхийг бүтээлцсэн гайхамшигтай хүмүүс, үе үеийн эрдэмтэн мэргэд төрөлх сургуулийг нь үүсгэн санаачлах, байгуулах, хөгжүүлэхэд олон арван жил гол, давтагдашгүй, гарамгай үүрэг гүйцэтгэсэн хүн нь Монголын анхны дээд боловсролтой сэхээтэн, ШУА-ийн Хүндэт гишүүн, доктор Ю.Цэдэнбал болох тухай тун тодорхой хэлж, бичиж үлдээсэн нь МУИС-тай хагас зуун жил ажил амьдралын холбоотой байж, түүхийг нь архивын баримт түшиглэн 13 жил судалсан миний судалгаагаар нотлогдсон. Энэ түүхэн үнэнд үл итгэн маргалдах хүн надтай таарч байгаагүй нь их сургуулийн түүхийг бүтээгч гавьяат үйлстэн -ахмадуудын үнэлэлт дүгнэлт бодитой болохын баталгаа мөн” гэж Цэдэнбал судлаач, МУИС судлаач, профессор Ц.Жамбалсүрэн дүгнэжээ.

Ю.Цэдэнбалын академийн тэргүүлэгч гишүүн, МУИС судлаач

Ням-Очирын БОЛД-ЭРДЭНЭ

й

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар