2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойн ёслолын ажиллагаа Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Их танхимд зохион явагдлаа. Энэхүү арга хэмжээгээр ойг тэмдэглэх үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөж буйг ойг зохион байгуулах комиссоос уламжилсан байна.
Өнгөрсөн 2015 онд Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг япон хэлний сургалт судалгааны байгууллагууд хамтран улсын хэмжээнд тодорхой зорилго, хөтөлбөрийн дагуу бүтэн жилийн турш 20 гаруй цуврал арга хэмжээгээр тэмдэглэн өнгөрүүлжээ. 40 жилийн ойн арга хэмжээг ийнхүү зохион байгуулснаар холбогдох байгууллага, япон хэлний багш нар, үе үеийн төгсөгчид, оюутнуудыг хамруулан оролцуулж, 40 жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйл, ололт амжилтаа нэгтгэн дүгнэж, япон хэл, соёлыг сурталчилан, Монгол дахь япон хэлний сургалт, япон судлалыг хөгжүүлэх, Япон, Монгол хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорин ажилласан байна. Үүгээр дамжуулан, сургалт, судалгаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэл, зорилтоо тодорхойлохыг зорьжээ.
Монголын хүүхэд залуус япон хэл соёлоос суралцаж, өнөөгийн өндөрлөгт хүрэхэд, 1972 онд Монгол Япон хоёр орны хооронд дипломат харилцаа, улмаар 1975 онд соёлын хэлэлцээр байгуулагдсан нь япон хэлтэй мэргэжилтэн бэлтгэх нөхцөл, боломжийг бүрдүүлсэн билээ. Анхдагчийн ачааг үүрэх хүндтэй ажил Монгол Улсын Их Сургуульд ноогдож, 1975 оны 3-р сард анхны 6 оюутан япон хэлний мэргэжлээр суралцаж, тэднээс С.Долгор, Д.Наранцэцэг нар сургуульдаа багшаар үлдэн ажиллажээ. 1975 оноос өмнө япон хэлийг дугуйланд сонирхогчийн хэмжээнд судалдаг байсан бол, 1975 оноос 1990 он хүртэл Монгол Улсын Их Сургуульд сонгон судлах хэлбэрээр заах болж, 3 багш ажиллаж, 53 оюутан төгсчээ. 1990-2010 онд 90 сургуульд 350 багш ажиллаж, 2006 онд 12620 суралцагч сурч байснаас харахад, япон хэл сургалтын оргил үе байсан гэж нэрлэж болно. 2010 оноос өнөө хүртэл бүх шатны 76 сургалтын байгууллагад 275 багш ажиллаж, 9600 хүн суралцаж байна. Хамгийн сүүлийн үеийн судалгааны тоо баримтаас дурьдвал, 2015 оны байдлаар бүх шатны боловсролын байгууллагуудад 250 гаруй багш ажиллаж, 9500 орчим суралцагч япон хэлийг сурч судалж байна. Нийт 40 жилийн хугацаанд бүрэн бус тоогоор 18000 сурагч япон хэлийг сурч, бакалаврын түвшинд 3736 япон хэлтэй мэргэжилтэн бэлтгэж, япон хэл, судлалын чиглэлээр 253 магистр, 26 доктор төрсөн байна. Япон судлалын салбарт ажиллаж буй багш, судлаачид энэ хугацаанд бүрэн бус тоогоор нэг сэдэвт зохиол, товхимол 37, хамтын бүтээл 6, ном, сурах бичиг, гарын авлага 88, толь бичиг 32 туурвиж нийтийн хүртээл болгосны зэрэгцээ дотоод, гадаадын эрдэм шинжилгээний бичигт 285 өгүүлэл хэвлүүлж, эрдэм шинжилгээний хуралуудад 178 илтгэл хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн олон бүтээл хоёр хэлнээ орчуулан хөрвүүлжээ.
Даяаршлын эрин үед Монгол дахь япон хэлний сургалт олон улсын япон хэлний боловсролтой мөр зэрэгцэн хөгжиж байна. Дэлхий дахинаа өрнөж буй гадаад хэлний боловсролын өөрчлөлт шинэчлэлт Монгол Улсад амжилттай нэвтэрч, түүнийг сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд эрчимтэй хэрэгжүүлэх хүрээнд Монголын япон хэлний багш нарын холбооны санаачлагагаар олон улсын симпозиум, заах аргын семинар өргөн хүрээтэй явагдаж ирсэн. Япон хэлний сургалтад Олон улсын япон хэлний боловсролын стандарт, бодлогын бичиг баримтыг эх хэлнээ хөрвүүлэн, сургалт, судалгааны эргэлтэд оруулах, үндэсний япон хэлний стандартыг боловсруулах, түүнд тулгуурлан сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглаж эхэлсэн нь Монголын япон хэлний сургалтыг олон улсын түвшинд хүргэх шат дараатай үйл ажиллагаа болж байна.
Ёслолын ажиллагааг нээж ойг зохион байгуулах комиссын дарга МУИС-ийн ОУХНУС-ийн захирал доктор С.Баттулга үг хэлэхдээ, ойн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж тавьсан зорилгодоо хүрсэн болохыг онцлон тэмдэглэж, ойтой холбоотой зарим арга хэмжээ, тухайлбал, багшлахуйн ур чадварын уралдаан, дөрвөн томоохон их сургуулийн, япон хэл судлаж буй оюутнуудын дунд хээрийн хичээлийн хэлбэрээр явуулсан япон хэл соёлын өдөрлөг зэргийн талаар дурьдаж, бүтэн жилийн турш хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийллээ.
Нээлтийн дараа Монгол дахь япон хэлний сургалтын түүхэн хөгжил, өнөөгийн байдлын талаар өгүүлсэн баримтат киног хүрэлцэн ирсэн зочдод толилуулжээ. Энэхүү баримтат киног “Эрдмийн сакүра” хэмээн нэрлэсэн учир нь Японы бэлгэ тэмдэг болсон сакүра цэцгээр Монгол улсад япон хэл соёлыг түгээн дэлгэрүүлж буй үйлсийг бэлгэдэн илэрхийлсэнтэй холбоотой.
Улмаар, хүрэлцэн ирсэн хүндэт зочдоос мэндчилгээ дэвшүүллээ. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү хэлсэн үгэндээ:
“Монгол улсад Япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа маш амжилттай болж өнөөдөр ийнхүү хаалтаа хийж байгаад холбогдох хүмүүс Та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Энэхүү 40 жил хэмээх урт хугацааны замналаа эргэн бодоход сэтгэл минь ихэд хөдөлдөг билээ. 1977 онд намайг Монголд анх томилогдож ирэхээс 2 жилийн өмнө Япон хэлний сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд энд хүрэлцэн ирсэн Та бүхний цуцашгүй нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар энэхүү сургалтыг өндөр түвшинд явуулж, олон шилдэг боловсон хүчин бэлтгэж ирсэн байна.
Өнгөрсөн 40 жилийг эргэн харахад, 1990 онд Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн явдал нь Япон, Монголын харилцаанд томоохон өөрчлөлтийг авчирсан гэж хэлж болох биз ээ. Тэртээ 70-аад оны үед төсөөлж ч чадахааргүй хэмжээнд манай хоёр орны харилцаа нягт хөгжиж, япон хэл сурах эрмэлзлэл огцом нэмэгдэн, хамт хамтын ажиллагаа маань олон салбарт идэвхжихийн хирээр япон хэлний түвшин, чанарт тавигдах шаардлага ч мөн адил улам бүр өндөрсөж ирсэн.
Японд суралцах монгол оюутнууд маш олон чиглэлийн мэргэжлийг сонгох болсон. Мөн сүмогоос эхлээд соёл, урлагийн салбарт ч монголчууд амжилт гаргах болсноор монголчуудын хэрэглэх япон хэл нь өргөн хүрээтэй болж, гүнзгийрч байна. Япон улсын иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлж байгааг мэдэх хүн олон байгаа болов уу. Энэхүү төслийн шугамаар энэ хавраас ирээдүйн Монголын инженер, технологийн боловсон хүчний хувиар бэлтгэгдэх оюутнуудыг суралцуулахаар болсон бөгөөд байгалийн ухааны чиглэлийн япон хэлний мэргэжилтэн цаашид улам бүр нэмэгдэх биз ээ.
40 жил гэдэг нь зөвхөн нэгэн үе шат бөгөөд цаашид япон хэлний сургалт явуулах тухай бүрийд хүндрэл бэрхшээл үргэлж тулгарах болов уу гэж бодож байна. Энд хүрэлцэн ирсэн судлаач, багш нар Та бүхэн өнөөг хүртэл олон саад бэрхшээлийг даван туулж ирсэн гэж бодож байгаа ба цаашид ч залуу үеийнхэний хамт асуудлыг тууштай шийдэх гарцыг олж, Монголд япон хэлтэй боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагааг хөгжүүлэх үйлсээ үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Япон улсын Засгийн газар Монголд япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж буй өнөөгийн үйл ажиллагааг туйлын өндрөөр үнэлдэг бөгөөд энд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. ЭСЯ-ны тухайд ч мөн адил, япон хэлний сургалтад үзүүлэх туслалцаа, дэмжлэгээ цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэх болно. Эцэст нь, Япон хэлтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөгөөд үгээ өндөрлөе” хэмээжээ.
Түүний дараа, БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу хэлсэн үгэндээ:
“Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизү, 40 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга С.Баттулга, зочид төлөөлөгчид, багш, төгсөгчид, оюутнууд та бүхэнд БСШУЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд дэвшүүлье.
Монгол, Япон хоёр улсын хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосны үндэс суурин дээр анх МУИС-д 1975 оноос япон хэлийг зааж эхлэн, улмаар 1990-ээд оноос хойш олон их, дээд, дунд сургуульд заах болсноор япон хэлний сургалт өргөжин тэлсэн нь манай хоёр хоорондох харилцаа жил ирэх тусам улам бүр ойртож гүнзгийрсний нэгэн илрэл болов уу.
Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг япон хэлний сургалт судалгааны байгууллагууд хамтран улсын хэмжээнд тодорхой зорилго, хөтөлбөрийн дагуу бүтэн жилийн турш тэмдэглэн өнгөрүүлж, өнөөдөр хаалтын ёслолын арга хэмжээгээ нэг жилийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэх хэлбэрээр хийж байгаа нь шинэлэг зохион байгуулалттай, олон сургууль, хамт олныг хамарсан үйл ажиллагаа болсныг онцлон дурьдахад таатай байна.
Үе үеийн япон хэлний мэргэжилтнүүд өөрийн сурсан мэдлэгээрээ дамжуулж Япон, Монгол хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд, Монгол улсад Японы тухай ойлголт, Японы тэргүүний шинжлэх ухаан технологийг танилцуулах болон нэвтрүүлэхэд ямагт хүчин зүтгэж ирсэнд гүнээ талархаж байна.
Та бүхэн өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн зүйл, ололт амжилтаа нэгтгэн дүгнэснээр цаашдын зорилгоо амжилттай тодорхойлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Энэ завшааныг тохиолдуулан, Япон, Монгол хоёр орны гүүр нь болдог япон хэлний мэргэжилтнүүд, тус салбарын бүх байгууллага, хамт олонд сургалт, судалгааны ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээжээ.
Түүнчлэн, дэлхийн япон хэлний боловсролын бодлогыг тодорхойлж, дэмждэг байгууллага болох Япон Сангийн мэндчилгээг сонордуулсны дараа, тус сангийн Монгол дахь мэргэжилтэн Саитоо Сатоко, анхны төгсөгч, эдүгээ МЯХБХ/Монголын япон хэлний багш нарын холбоо/-ны тэргүүн профессор С.Долгор нар мэндчилгээ дэвшүүллээ.
Түүний дараа, ёслолын ажиллагааны нэгэн чухал хэсэг болох хүндэтгэл үзүүлэх хэсэг үргэлжиллээ. МЯХБХ-ны зүгээс Монгол улсад 20 гаруй жил япон хэлний сургалтыг тасралтгүй хэрэгжүүлж, япон хэлтэй мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МУИС, ШУТИС, ХИС, МУБИС, Отгонтэнгэр, Улаанбаатарын их сургуулиуд, Соёл Эрдэм дээд сургууль, нийслэлийн 23, 84, 18, 93, Монгэни, Эрдмийн ундраа, Монгол Оросын хамтарсан сургууль, Өвөрхангай аймгийн Мэргэд дунд сургууль, Монголын Хүүхдийн Ордон зэрэг 16 сургалтын байгууллагын хамт олонд өргөмжлөл гардууллаа. Мөн зохион байгуулах комиссоос ойн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Санко Маркетинг Монголиа компаний захирал Г.Нямдэлгэр, Япон Монголын Солонго нийгэмлэгийн тэргүүн Фүжимото Микико, Форвард Моторс компаний дэд захирал Г.Орхонтуяа, Банзай Дисковери компаний захирал С.Банзрагчсүрэн, Жигүүр компаний захирал М.Доржханд, Мандах Бүртгэл дээд сургуулийн багш Э.Онон, МУИС-ийн төгсөгч М.Энхмаа, Мандах Бүртгэл дээд сургуулийн багш Н.Лхагважав, Японы Чүүкёо телевизийн найруулагч О.Хонгорзул нарт талархал гардууллаа.
Ёслолын ажиллагааны эхний хэсэг завсарлахад хүрэлцэн ирсэн зочид Монгол Японы Төвд нээгдсэн “Монгол дахь япон хэлний ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэн, “Япон орон миний бийрээр” гар зургийн уралдааны шагналт бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Ёслолын ажиллаагааны удаах хэсэгт ойн нэрэмжит тусгай илтгэлийг Монгол улсын ерөнхий сайд асан Д.Содном гуай ойг зохион байгуулах комиссоос хүргэсэн хүсэлтийн дагуу “Монгол Японы харилцаа шинэ цаг үед” сэдвээр хийж, хүрэлцэн ирсэн зочидтой хоёр орны эрт эдүгээгийн харилцааны талаар санал бодлоо хуваалцлаа.
Ийнхүү, МУИС-ийн япон хэлний багш нараас санаачлан эхлүүлсэн 40 жилийн ойн үйл ажиллагаа олон байгууллага, хувь хүнийг хамарч амжилттай хэрэгжсэн болох нь энэхүү ёслолын ажиллагаанаас харагдлаа.