МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн ахмад багш, Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Э.Равданд МУИС-ийн ЭМЕРИТ ПРОФЕССОР цол олголоо.
Э.Равдан нь 1944 онд Өвөрхангай аймгийн Баруун Баян Улаан сумын нутаг Өшгөг хайрханы Уг хашаатын Аман ус хэмээх газар малчин ард Энхбаярын найм дахь хүү болж төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр дагаж явсаар 1963 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1968 онд хуучин ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн орос-хэл уран зохиолын багшийн ангийг хэлшинжээч, орос хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэжээ. 1968 онд тэрбээр Гэгээрэлийн яамны томилолтоор МУИС-ийн орос хэл, уран зохиолын мэргэжлийн тэнхимд багшаар томилогдон ажиллаж байгаад 1973 онд М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн аспирантурт явж суралцсан байна. Э. Равдан 1976 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Мөн оноос УДТДТМБХ-ны томилолтоор ХААДС-ийн орос хэлний тэнхимийн эрхлэгч, УДТДТМБХ-нд гадаад хэл эрхэлсэн мэргэжилтэн, ОБДС-д тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1988 онд М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль дээр хэлний шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалжээ. 1986 онд Э. Равдан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Эрдмийн зэрэг, цол олгох улсын комиссын шийдвэрээр Доцент цол, 1990 онд мөн комиссын шийдвэрээр Профессор цол хүртжээ. 1991 онд Э. Равдан өөрийн хүсэлтээр МУИС-д шилжин ирж, ОУХС-ийн тэнхимийн эрхлэгч, ГХСС-ийн захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байв. Одоо ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимд зөвлөх профессороор ажиллаж байна.
ПрофессорЭ.Равдан дээд боловсролын салбарт 50 шахуу жила жиллахдаа эрдэм шинжилгээнийнэг сэдэвт зохиол, толь бичиг, бүх шатны сургуулийн сурагчдад зориулсан сурах бичиг нийлээд 34, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 200 гаруйг бичиж туурвижээ. Тэрбээр гадаад, дотоодын нийт 20 гаруй хүний Ph докторын, 30 –аад хүний магистрын зэрэг хамгаалах диссертаци, дипломын ажлын эрдэм шинжилгээний удирдагчаар ажилласан байна. Профессор Э. Равдангийн ерөнхий хэл шинжлэлийн салбарт бүтээсэн “Бүтэц хэл шинжлэл” (УБ.1997, 2001, 140 тал) “Хэл шинжлэлийн түүхийн товчоон”(УБ., 2005, 246 тал) “Орчин цагийн хэл шинжлэлийн үүд” УБ., 2006, 218 тал) “Орчин цагийн хэл шинжлэл” (УБ., 2007, 204 тал). “Хэл шинжлэлийн утгазүй” (2009, 224 тал), “Хэрэглээний хэл шинжлэл” (2014, 244 тал) ном, сурах бичгүүд нь хэлбичгийн ухаанаар мэргэшиж байгаа манай орны нийт оюутан, магистрант, докторантын гарын авлага, ширээний ном болон эдүгээ өргөн хэрэглэгдэж байна.
Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөл
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар