Монгол улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд инновацийн орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн баримтуудыг боловсруулан, бодит ажил хэрэг болгох үүднээс их сургуулийн багш, судлаач, оюутнуудыг өөрийн бүтээлч шинэ санаа, судалгаа шинжилгээний үр дүн, шинэ технологи, бүтээгдэхүүнээ хөгжүүлэн гарааны компани байгуулах, улмаар дэлхийн зах зээлд гаргах орчин нөхцөлийг бүрдүүлэх Шинжлэх ухааны паркийг байгуулан хөгжүүлэх шийдвэр гаргасан нь өнөөдөр биелэлээ олоод байна.
Монгол улсад мэдлэгийн эдийн засгийн суурийг тавьж, инновацид чиглэсэн технологи хөгжлүүлэлтийн эко системийг дэмжих зорилгоор “Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийг “ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК-МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” болгон өөрчилж, Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан технологийн их сургуулиуд, “Шинжлэх ухааны парк-Биотехнологи” /хуучнаар АРМОНО/ Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиуд хамтран шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн кластер хэлбэрээр хамтран хөгжүүлэхээр боллоо.
Шинжлэх ухааны парк нь шинээр бий болж буй бизнесийн өсөн дэвжих үйл ажиллагааг тал бүрээр дэмждэг, өндөр түвшний тоног төхөөрөмж бүхий лаборатори, орчин бүрдсэн, эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр технологи, инновацийн үйл ажиллагаа дагнан явуулах компани, үйлдвэрлэгчид, энтерпренерүүд төрүүлэх, өндөр ур чадвартай, нарийн мэргэшсэн хүмүүсийн нийгмийн давхарга бий болгох олон талын ач холбогдолтой инновацийн суурь бүтэц юм.
Шинжлэх ухааны паркийн орчинд:
- Старт ап компанийн хөгжилд шаардагатай бүх төрлийн сургалт, зөвлөгөө авах
- Монгол улсын эрдэмтэн, сулаачдын мэдээлэл, эрдэм шинжилгээний ажлын тайлан, диссертацийг агуулсан оюуны сангаас авч ашиглах
- Хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагчаа олоход нь зуучлах
- Паркийн сүлжээнд байгаа нээлттэй лабораториудыг ашиглах
- Өөрийн бий болгосон оюуны өмч, технологи, бүтээгдэхүүнээ хамгаалах ашиглахтай холбоотой хууль эрхзүйн зөвлөгөө болон үйлчилгээг иж бүрнээр авах боломжууд нээгдэнэ.
МУИС, ЭШИХ, Технологи дамжуулах төв