Монгол Улсын Их Сургууль 2015 оныг “Судалгааг дэмжих жил” болгон зарлаж, эрдэм шинжилгээний олон улсын түвшний үзүүлэлтээ нэмэгдүүлэх зорилго тавьж ажилласан билээ. Энэ ажлын хүрээнд МУИС-ийн төсөвт 800 сая төгрөг төсөвлөж, өндөр түвшний судалгааны төсөл болон залуу судлаачдын салбар дундын хамтарсан судалгааны төслийг дэмжих, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн үйл ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, профессор болон дэд профессор багш нарт судалгааны суурь болон хувьсах зардал олгох гэсэн дөрвөн чиглэлээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зарлаж, судалгааны ажлуудыг санхүүжүүлсан билээ. Энэ үйл ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дараа дараагийн санхүүжилтийг ямар чиглэлээр, хэрхэн зарцуулах талаар дүгнэлт хийж, санхүүжилтийн түр журмыг “МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журам” болгон батлуулсан бөгөөд удахгүй багш нарт мэдээлэх болно.
Судалгааны төслийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг санхүүжүүлсэн, гэрээ байгуулсан байгууллагадаа хүлээлгэн өгдөг журмыг заавал баримталдаг байх, луйврын шинжтэй хуурамч сэтгүүлүүдээс (fake and predatory publications) зайлсхийх, харилцан бие биеэ бодитой үнэлж занших (peer assessment), хөгжүүлж буй төслийн менежментийн мэдээллийн системийг эцэслэн дуусгаж, төслийн санал хүлээн авахад болон тайлагнахад ашигладаг болох, багш нарын эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлийг эрдэм шинжилгээний мэдээллийн сангуудыг ашиглан үнэлдэг болох, гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд авах арга хэмжээг тодорхой болгох гэх мэтээр хийж, хэвшүүлэх ёстой ажлууд их байна.
Томсон Ройтерсийн өгөгдлийн санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоо МУИС-ийн хувьд 2015 онд 59-д хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр тоо бөгөөд үүнд “Судалгааг дэмжих жил”-ийн санхүүжилт тодорхой хувь нэмэр оруулсан нь тодорхой ч энэ өсөлт тун хангалтгүй байгаа бидний анхаарвал зохих асуудал мөн. Гэхдээ 2015 оны судалгааны санхүүжилтийн үр дүнд МУИС-ийн профессор багш нарын эхлүүлсэн ажил цаашид ч үргэлжилж, үр өгөөж нь улам бүр тодорхой болно гэдэгт бид итгэлтэй байна. “Судалгааг дэмжих жил”-ийн ажлын үр дүнг үзэж танилцаад, багш нар өөр өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгнө гэж найдаж байна.
Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс