Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлд Б.Болдгив удирдагчтай “Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төсөл шалгарсан юм.
Тус төслийн хэрэгжилтийн хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Судалгааны төслийн менежментийн систем (RPMS)” сургалтыг МУИС-ийн 1-р байрны 208 тоот өрөөнд 14 цагт амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУИС–н багш М. Золжаргал төслийн систем https://project.num.edu.mn–д төсөл хэрхэн бүртгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнөөс гадна, төслийн мэдээллээ бүрэн гүйцэт оруулахыг сануулсан бөгөөд төслөө бүртгүүлэх нь цаашид ямар ач холбогдолтой болох тухай сургалт явууллаа. Энэхүү сургалтанд нийт 14 хүн оролцож сонирхсон асуултандаа хариулт авч сургалт сонирхолтой болов.
Төслийн удирдлагын тогтолцоо “илүү хурдан, илүү дөхөм, илүү сайн” төслийн хэрэгжилтэд нөлөөлдөг нэг гол хүчин зүйл юм.
МУИС нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш судалгааны ажлыг хийж гүйцэтгэж ирсэн билээ. 2016 он гэхэд МУИС 1990 оноос хойш 1000 гаруй судалгааны суурь, хэрэглээний төслийг (мөн сэдэвт ажил, захиалгат төсөл гэж нэрлэдэг) хэрэгжүүлсэн байна. Одоогийн байдлаар нэг жилд дунджаар 200 гаруй судалгааны төсөл хэрэгжиж байгаа юм. Эдгээр төслийн тоо баримт нь зөвхөн тайлан, бүртгэлд бүртгэгдсэн, харьцангуй урт, дунд хугацаанд хэрэгжсэн төслүүдийн тоо ба жил ирэх тусам энэ үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байна.
МУИС-ийн эрдэмтэн, багш, профессоруудаас судалгаа авахад төсөл, сэдэвт ажилд хэд хэдэн удаа оролцож байсан багш профессорууд хэрхэн яаж төсөлтэй харьцах, материал бүрдүүлэх зэрэгт дадаж туршлагажсан, залуу багш профессорууд хэдийгээр төсөл, сэдэвт ажил бичих сонирхолтой байдаг ч төсөл бичих арга зүйгээ сайн мэдэхгүй, төслийн санал бичсэн ч тэр нь шаардлага хангахгүй байх тохиолдол ихтэй, ялангуяа гадаадын төслийн мэдүүлгийг гаргах талаар ойлголт сул гэсэн хариулт давамгайлж байв.
Өнөөдөр анхан шатны төслийн менежмент буюу бичиг цаас хэлбэрээр нэгэн зэрэг олон төслийг хянаж, үнэлгээ хийж, дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүсч, цаашид хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжүүлэх төслийг дэлгэрэнгүй бүртгэлд оруулан, нэгдсэн цахим мэдээллийн сан бүрдүүлж, өгөгдлийг боловсруулан гаргаж өгөхөөс гадна менежмент хийх боломжтой цахим системд оруулах нэн шаардлагатай болоод байна. Уг цахим системийг нэвтрүүлснээр мэдээллийн хэрэглэгчдэд очих хүртээмж нэмэгдэж, менежерийн цаг хугацаа хэмнэх, профессорын ажлын бүтээмж дээшлэхээс гадна МУИС-ийн эрдмийн хамт олны хэрэгжүүлсэн, хэрэгжиж байгаа судалгааны төслийн талаарх олон талт мэдээлэл багш, судлаачид дунд нээлттэй болж, хамтын ажиллагаа бодитоор хөгжиж, улмаар МУИС-д бий болсон шинэ санаа төсөл болон хэлбэржиж, үр дүн нь шинжлэх ухааны эргэлтэнд орох, цаашлаад эдийн засгийн үр ашиг нь мэдлэгийн эдийн засаг бий болоход хувь нэмэр оруулах боломжтой болно.
Энэхүү ажлыг МУИС-ийн хөгжлийн түүхэнд анх удаа хийж гүйцэтгэж байгаа юм. Тус цахим системийг МУИС-д амжилттай хэрэгжүүлсний дараа үндэсний хэмжээнд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэж, цаашдаа дэлхийн томоохон судалгааны эх үүсвэрийн нэгдсэн цахим сантай холбох менежментийг МУ-ын их сургуулиуд хамтарч шийдвэрлэж чадвал, үндэсний хэмжээнд төслийн санхүүжилт, судалгааны гүйцэтгэлийг өндөржүүлэх, улмаар бодлого тодорхойлох, шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.
Зохион байгуулагч
МУИС, Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэс