МУИС-ийн ОУХНУС, ШУС-ийн УТСТ, МУ-ын ШУА-ийн ОУХХ-ээс Францын Хаврын их сургууль, Казахстаны их сургуультай хамтран зохион байгуулж буй “Бүс нутгууд харилцан ойлголцож чадах уу? Ази, Европ: сорилт, хямрал зохицуулалт” сэдэвт ОУЭШХ болов.
МУИС-ийн ОУХНУС, ШУС-ийн УТСТ, МУ-ын ШУА-ийн ОУХХ-ээс Францын Хаврын их сургууль, Казахстаны их сургуультай хамтран зохион байгуулж буй Ази, Европын V ОУЭШХ 2016 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд МУИС-ийн “Монгол, Японы төв”-д болж өнгөрөв. Энэ удаагийн Ази, Европын бага хурлын сэдэв нь “Бүс нутгууд харилцан ойлголцож чадах уу? Ази, Европ: сорилт, хямрал зохицуулалт” байлаа.
Эрдэм шинжилгээний олон улсын бага хурлын нээлтэд МУИС-ийн дэд захирал Б.Болдгив, Казахстан Улсаас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Калибек Ибрагимович Кобландин, Францын хэргийг түр хамаарагч Рафаель Дросзевски, тус бага хурлыг санаачлагч Францын Хаврын их сургуулийн профессор П.Шабал нар оролцож, үг хэлэв.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Бельги, ОХУ, Франц, Хятад, Казахстан, Киргизстан, Япон, Монголын эрдэмтэн судлаачид, профессорууд оролцож, хэлэлцэж байгаа сэдвээр нийт 40 гаруй илтгэлийг тавьж хэлэлцүүлэв.
Хуралд оролцогсод олон улсын харилцааны хөгжлийн үндсэн хандлага болох бүс нутгийн болон бүс нутгуудын хамтын ажиллагаа, интеграцийг хөгжүүлэх, хямралыг гаргуулахгүй байх, урьдчилан зохицуулах зэрэг асуудлаар илтгэл тавьж, санал бодол, судалгааны үндэслэлийн талаар өргөн хэлэлцүүлэг явуулав. Хэлэлцүүлэг нэлээд сонирхолтой болж, зарим үед цай, хоолны цагийг хоошлдуулж байсныг тэмдэглэхэд таатай байна.
Ялангуяа Хүрээлэн буй орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.Цогтбаатараас илтгэлдээ тавьсан “…хүн төрөлхтөн одоо хүтэн дайныг сонгох уу, эсвэл хамтын ажиллагааг сонгох уу” гэсэн асуулт, Францын “Сефаси сан”-ийн захирал доктор Ианн Аликсийн илтгэлдээ, “улс орнууд дэд бүтцийн хөгжлөө 20-25 жилийн өмнөөс төлөвлөж хэрэгжүүлэх ёстой” гэсэн зөвлөмж, Өвөр Монголын их сургуулийн профессор Л.Түмэнцэцэгийн “Хятадын шинэ торгоны зам”-ын тухай илтгэл, Казахстаны их сургуулийн профессор Куралаи Байзаковагийн “Төв Азид терроризмын эсрэг хийж байгаа тэмцэл” сэдэвт илтгэлүүд бага хуралд оролцогчдын анхаарлыг илүү татаж, халуун ярилцлагыг өрнүүлж байлаа.
ЭШБХ-д оролцогсод Ази, Европын ээлжит дараагийн хурлыг Кыргызстан улсад зохион байгуулахаар тогтов.
Монголд БНФУ-ын хэргийг түр хамаарагч Рафаель Дросзевски ЭШБХ-д оролцогчдыг хүндэтгэн өөрийн ЭСЯ-нд оройн зоог барив.
МУИС-ийн ОУХНУС, ШУС-ийн УТСТ