МУИС-ийн номын санд Хятадын Буддын шашны Ганжуур, Данжуур их хөлгөн судруудыг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болов

Share Button

Хятадын Сычуань мужийн Чүн Чин хот дахь Бурхан Шашны Их Сургуулийн захирал Дао Жиан Хуашин тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 6 сарын 28-ны өдөр МУИС, ШУС-ийн хүмүүнлэгийн салбарын Философи, шашин судлалын тэнхимд зочилж, МУИС-ийн номын санд Хятадын Буддын шашны Ганжуур, Данжуур 168 боть их хөлгөн судруудыг хүлээлгэн өглөө.

Хятадын Буддын шашны их хөлгөн судар, шастирын цомирлог Ганжуур, Данжуур нь Хятад улсын Хэнан мужийн Луояан хотын “Цагаан морин сүмд” МЭ 68 оноос эхлэн  орчуулагдаж эхэлсэн түүхтэй ажээ. Өдгөө 29 төрлийн бараар хэвлэгдээд буй эдгээр судар шастирын цомирлог нь дотроо ёс суртахууны, судрын, гүн ухааны сав аймаг гэсэн гурван ай савд хуваагдах бөгөөд үүнд Энэтхэг, Хятадын эрдэмтдийн бичсэн буддын шашны номлол сургаалаас гадна түүх, гүн ухаан, хэл шинжлэл, утга зохиол, яруу найрагийн чиглэлээр бичигдсэн бүтээлүүд ордог байна. Эдгээр судар шастирууд нь Хятадын ард түмний түүх, шашин, соёл, гүн ухаан, хэл, утга зохиолыг судалдаг МУИС-ийн эрдэмтэн багш нар, оюутнуудад чухал хэрэгтэй эх сурвалж болох юм.

Энэхүү их хөлгөн судар шастирыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монголын талаас МУИС, ШУС-ийн эрдэм шинжилгээний асуудал хариуцсан дэд захирал Проф. Д-р П.Дэлгэржаргал, ФШСТ-ийн эрхлэгч Проф. Д-р Б.Дагзмаа, Д-р.С.Янжинсүрэн нар оролцож МУИС-ийн номын санд их хөлгөн судар, шастирыг бэлэглэж буй Хятадын буддын судлалын эрдэмтэн судлаачдад талархаж үг хэллээ.  Тус ёслолын үйл ажиллагаанд Хятадын талаас Хятадын Элчин Сайдын Яамны соёлын атташе Гүө Шинь Чио, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Шашин, Соёл Судлалын Хүрээлэнгийн дарга Хо Зи Чэн, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор Алтан-Оргил, Хятадын Сычуань мужийн Чүн Чин хот дахь Бурхан Шашны Их Сургуулийн захирал Дао Жиан Хуашин, Чүн Чин хотын Соёл, Сурган Хүмүүжлийн Сангийн нарын бичгийн дарга Ин Лянь, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Шашин, Соёл Судлалын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Чү Жин Хүй, Уухан Жамьян нар оролцож хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд буддын судлалын чиглэлээр эх сурвалжийн харьцуулсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, багш оюутан солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монголын талын төлөөллийг  Хятадын Сычуань мужийн Чүн Чин хот дахь Бурхан Шашны Их Сургуульд хүрэлцэн ирэхийг урилаа.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд ФШСТ-ийн багш нарын төлөөлөл Дэд Проф. Д-р Т.Булган, Д-р. Дэлгэрмаа, ахлах багш Д.Энхтөр, С.Дэмбэрэл нар оролцож, Хятадын төлөөлөгчидтэй санал бодлоо солилцов.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар