Энэ өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургууль санаачлан, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2016” Чингис зочид буудалд явагдаж байна.
Чуулганы нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатын мэндчилгээг эдийн засгийн бодлогын ахлах зөвлөх Ж. Энхбаяр уламжилснаар албан ёсоор эхэллээ. Ерөнхий Сайдын илгээлтийн утгыг сийрүүлвэл:
Монгол Улсын Засгийн Газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө жижиг дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнесүүдийг дэмжих чиглэлээр олон зорилго, зорилтуудыг оруулсан. Хуримтлал харьцангуй багатай бизнес эрхэлж байгаа хүмүүст нэмэлт санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Нэмэлт санхүүжилт хөрөнгийн эх үүсвэрийг олж авна гэдэг тэдний хувьд томоохон сорилтын нэг байдаг. Засгийн Газраас банк санхүүгийн тогтолцоог цаашид хөгжүүлж, санхүүгийн салбарыг түлхүү хөгжүүлэх замаар, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээл, өртөг зардлыг бууруулах ажлыг цаашид тууштай хэрэгжүүлэхээр зорьж байна. Энтрепренерүүдийн Чуулган уулзалтанд оролцож байгаа нийт бизнес эрхлэгчид, шинийг эрж хайгчид, эрдэмтэн судлаачид та бүхэнд амжилт хүсье!
Мөн үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн Д. Гантулга хэлэхдээ “Энэхүү Чуулганыг гурав дахь удаагаа хийж байгаад баяртай байна. Өмнөх Чуулганууд энтрепренершип хэмээх энэхүү ойлголт, гарааны бизнесийн талаарх мэдлэгийг түгээх зорилготой байсан бол энэ удаагийнх цаашид хийх үйл ажиллагаа, нөөц боломж, шийдэлд хүрэх зорилготой гэж бодож байна. Энэ хурлаар гарсан шийдлүүдийг хэрэгжүүлэхийн төлөө бид хамтарч ажиллах болно. Гарааны бизнес, залуу гишүүн хоёр хамтарч ажиллах ёстой гэж би бодож байна” гэлээ.
Нээлтэнд оролцсон өөр нэг хүндэт зочин, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, ноён Мануэл Микаллэр “Америкийн Засгийн Газар дэлхий даяар энэхүү энтрепренершипийг сурталчилж ирсэн. Учир нь энэ нь эдийн засаг, нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Энтрепренершип бол хүмүүс шинэ зүйл санаачилж, бүтээн байгуулахад түлхэц, хөшүүрэг болж байдаг. Үүнийг хөгжүүлэхэд Засгийн Газар хууль эрх зүйн орчин бүрдүүлж, зохион бүтээгчдийн бүтээлийг хамгаалах, санхүүгийн орчин бий болгох, гарааны бизнесийг дэмжих нөхцлийг бүрдүүлж байх ёстой. Гарааны бизнес нь компани, үйлдвэрлэл хүртэлээ хөгжиж, цаашлаад гадаад худалдаа болтол өргөжих боломжтой. Монголчууд өөрсдийн гэсэн онцлог бүхий брэндийг бий болгож, гадаадын зах зээлд худалдаалах бүрэн боломжтой гэж бид хардаг. Энтрепренершип хөгжихөд эрдэмтэн судлаачид, төр засгийн оролцоо хамгийн чухал” хэмээн онцоллоо.
МУИС-ийн Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал, доктор Ч. Нарантуяа “МУИС-ийн санаачлагаар энэ уулзалт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. МУИС Монгол Улсад шинэ мэдлэг, бүтээл бий болгох үүднээс гарааны бизнесийг эрхэлж, амжилтанд хүрэхийг дэмжиж ирсэн. Энэ жилийн Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулганыг ХХААХҮЯ, БСШУСЯ, НХХЯ болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Чуулганы үеэр хоёр өдрийн турш гарааны бизнесийн олон улсын туршлага судлах, өөрсдийн түвшинг тодорхойлох зорилготой. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллаж байгаа байгууллагуудад талархаж байна” гэв.
Үйл ажиллагаа Монгол Улсад гарааны бизнесийн тогтвортой орчин бий болгох чиглэлээр байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаарх илтгэл, бодлогын хэлэлцүүлэг, дээд хэмжээний уулзалт, сургалтуудаар 2 өдрийн туршид үргэлжилж байна.