“Монгол хэлний викитоль”-ийг Монгол улсын их сургуулийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлэх үйл ажиллагааны албан ёсны нээлт 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 15 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.
Монгол хэлний викитоль нь олон улсын википедиа толийн технологид суурилан бүтээсэн монгол хэлний үгийн утгын дэлгэрэнгүй тайлбар бүхий нээлттэй цахим толь бичиг юм. Энэхүү толь бичгийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Cангаас “НЭГ МОНГОЛ үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бүтээн хөгжүүлж, Нэг монгол төслөөс 50 мянга орчим үг, хэллэгийн дэлгэрэнгүй тайлбарыг оруулж, тасралтгүй хөгжүүлэх үүднээс их дээд сургуулиудын багш нар, салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүн өргөнөөр, нээлттэйгээр оролцох боломжийг бүрдүүлжээ. http://mn.wiktionary.org
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн тэргүүн Д.Энхбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: “Эх хэлний тайлбар толь бичгийн зорилго нь эдүгээ эрчтэй хөгжиж буй мэдлэгийн салбарын үг, нэр томьёог албан ёсны болгож, түүнийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар олон нийтэд танилцуулах явдал юм. Ямар ч сайн тайлбар толь бичгийг шинжлэх ухаан, нийгмийн хөгжилтэй уялдуулж, байнга шинэчлэх шаардлага тулгардаг. Монгол хэлний викитоль нь дэлхийн 200 хэлний нээлттэй толийг багтаасан Википедиа төслийн хэсэг учир интэрнэт дээр оюутан, судлаачдын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал суурь болох юм.” хэмээв.
Монгол хэлний үгийн сан, хэрэглээний хүрээг тэлэн хөгжүүлэх, нэр томьёог системчлэх, шинэ ухагдахуун, ойлголтыг гүнзгийрүүлэн тайлбарлах чухал ач холбогдолтой энэхүү ажлыг цаашид тасралтгүй хөгжүүлэх үүргийг өнөөдрөөс эхлэн МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн албан ёсоор хүлээн авлаа. Ингэснээр цаашид МУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөртөө багтааж оюутан, багш, дотоод, гадаадын судлаачдын өргөн оролцоотойгоор эрчтэй хөгжүүлэхээр ажиллах юм.
МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Тухайн улс орны үндэсний их сургууль байна гэдэг нь тэр орны оюун санааны мэдлэгийн цөм байгууллага байна гэсэн үг. Их Сургууль гэдэг бол мэдлэгийг шинээр бүтээж, түгээж, дэлгэрүүлэхээс гадна өнөөдрийн нийгэмд байгаа мэдлэгийг системчилж, эрэмбэлж, шүүж тунгаах үндсэн чиг үүрэгтэй. Мэдлэгийн цаана түүнийг илэрхийлэгч гол хэрэгсэл нь хэл юм. Хэл өөрөө байнгын хөгжил хөдөлгөөнд байна. Өөрөөр хэлбэл хэл цэгцрэхгүй бол мэдлэгийн систем нь түүгээр дамжаад үндэстний оюун санаа цэгцэрч чадахгүй гэсэн гаргалгааг хийж болох юм. Энэ үүднээс энэ толийг цааш нь таслахгүй байнгын үйл ажиллагаатай авч явах энэ үүрэг бол МУИС-ийн монголын нийгмийн өмнө хүлээсэн үүргийн нэг хэсэг юм.” хэмээв.
Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Хэл бичгийн ухааны доктор, профессор М.Баярсайхан: “Олон улсын нээлттэй цахим толь бичгийг монгол хэлний бүтэц, онцлогт нийцүүлэн хөгжүүлэх нь”, МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, академич С.Нарангэрэл: “Монгол хэлний викитоль бичгийг нэр томьёоны тайлбараар баяжуулах тухай”, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Ч.Алтангэрэл: “Викитоль, вики технологи нь хэлний технологийн чухал хэрэглэгдэхүүн болох нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Илтгэлийн дараа хүрэлцэн ирсэн багш, судлаачид болон оролцогчдын саналыг сонсож хэлэлцүүлэг өрнүүлэв.
Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан болон Монгол Улсын Их Сургуулийн төлөөлөл “Монгол хэлний викитоль бичгийг хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа.