ЭМГЭНЭЛ

Share Button

Эмгэнэл

(1956–2016)

МУИС-ийн Профессор, Шинжлэх ухааны доктор Нанзадын Цэвэгсүрэн 2016 оны 12–р сарын 24-ний өдөр зуурдаар таалал төгсөж, бидэнд хүнд гарз хохирол учирлаа.

Н.Цэвэгсүрэн нь 1956 онд Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг “Замын бууц” гэдэг газар малчин ард Нанзадын хоёр дахь хүү болон төржээ. 1964–1974 онд Дундговь аймгийн Дэрэн сумын бага сургууль, Дэлгэрцогт сумын найман жилийн дунд сургууль, Мандалговийн 10 жилийн сургуулийг дүүргэн бага, дунд, бүрэн дунд боловсрол эзэмшин 1975–1980 онд БНАГУ-ын Лейна Мерзебургийн Техникийн Дээд Сургуулийг төгсөж химич мэргэжил эзэмшсэн байна.

1980–1998 онд ШУА-ийн Химийн хүрээлэнгийн Органик хими, Биохимийн лабораториудад ЭШ-ний ажилтнаар ажиллаж байв. Тэрээр 1986  онд БНАГУ-ын Мерзебург хотын Техникийн Их Сургуулийн аспирантурт суралцан “н-Парафины нүүрсустөрөгчийг молекуляр хүчилтөрөгчөөр исэлдүүлэхэд үүсэх бифункцт анхдагч бүтээгдэхүүнийг тодорхойлсон нь” сэдвээр химийн ухааны дэд эрдэмтэн, 1998 онд Хүнс судлал, Биоорганик химийн салбарт “Монгол орны эмийн ба ашигт ургамлын липидийн бүтэц, химийн найрлагын судалгаа” сэдвээр Химийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

1998 оноос МУИС-ийн Органик химийн тэнхмийн эрхлэгчээр уригдан ажилласан байна. МУИС-д ажиллах хугацаандаа 1998–2008  онд тэнхмийн эрхлэгч, 2008–2010  онд ХФ-ийн декан, МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр тус тус  үр бүтээлтэй ажиллаж байсан билээ. Н.Цэвэгсүрэн нь химийн шинжлэх ухааны төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулж, Хүнсний хими, Байгалийн нэгдлийн химийн хөтөлбөрүүдийг МУИС дээр анх санаачлан нээж нийт 160 гаруй  бакалаврын зэрэгтэй төгсөгчдийг бэлтгэн, 50 гаруй магистрант, 8 докторантын эрдмийн ажлыг амжилттай удирдан хамгаалуулж олон химич мэргэжилтнийг амьдралын гараанд хөтлөхөд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан шилдэг эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байв.

Мөн шавь сургуулийг буй болгож МУИС-д “Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн лаборатори” байгуулан ажиллаж, 106 эрдэм шинжилгээний өгүүлэл, 11 нэг сэдэвт бүтээл, 78 сурах бичиг, 7 патент, 8 стандарт нийт 224 бүтээл боловсруулж, хэвлүүлж байжээ. Түүний хүнс, байгалийн нэгдлийн химийн судалгааны өргөн мэдлэг нь Монгол Улсад химийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.

Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт түүний оруулсан хувь нэмрийг Монгол Улсын төр өндрөөр үнэлж, 1994 онд Гуравдагч академийн тэргүүний залуу химич шагнал, 1999 онд ШУ-ны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2004 онд Боловсролын  тэргүүний ажилтан цол тэмдэг, 2004 онд МУИС-ийн дэд профессор, 2009 онд МУИС-ийн профессор цол тэмдэг, 2006 онд “МУИС-ийн шилдэг судлаач багш”, 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2012 онд Алтангадас одонгоор тус тус шагнаж байжээ.

Талийгаачийн  улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Хамт олон шавь нар бид бүгд чинь таныхаа үйл хэргийг үргэлжлүүлж, нэр төрийг тань өндөрт өргөн явах болно.

Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

Химийн тэнхимийн хамт олон

Байгалийн Ухааны Салбар

Шинжлэх Ухааны Сургууль

МУИС-ийн захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар