Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтын хүрээнд Засгийн Газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. 2016-2017 оны хичээлийн жилийн “Оюутан Цэрэг хөтөлбөр”-ийн өдөрлөгийг МУИС-ийн Оюутны Алба, Сургалтын нэгдсэн алба, оюутнуудын төлөөллийн хамтаар амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутан залууст оюутан цэрэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг өгч, хөтөлбөрийн давуу талуудыг тайлбарлаж улмаар оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдахыг уриаллаа.
Монгол Улсын Үндсэн Хуулиар хүлээсэн “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүрэг биелэлт хангалтгүйгээс Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл, нөөцийн бүрэлдэхүүний хомсолд орж улс орны батлан хамгаалах чадавхийг сулруулаад зогсохгүй, залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлөх, цаашлаад Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албанд ажиллах нөхцөлийг хязгаарлаж буй явдлуудыг бодлогоор зохицуулах үүднээс, 2013 онд ийн зарлигдсан нь учиртай. Их, дээд сургуулиуд уг тогтоолтой уялдуулж, “Цэргийн өмнөх бэлтгэл” хичээлийг (2 кредит 96 цаг), мөн өндөр шаардлагуудад тэнцсэн, цэргийн алба хаах сонирхолтой оюутнуудыг тусгай бэлтгэл сургалтад (12 кредит, 560 цаг) хамруулснаар цэргийн алба хаасанд тооцох гэсэн заалтууд бүхий журамтай болох үүргийг хүлээсэн.
Цэргийн насанд хүрч байгаа (18) нийт залуусын 30 хувь нь л хугацаат цэргийн албанд татагдах боломжтой агаад зориг гарган, шийдэмгий үйлдэл хийснээр оюутан та эрүүл бие бялдар цогцлоон, тэсвэр хатуужил сууж, төрийн албанд ажиллах нөхцөлөө бүрдүүлж байгаагаас гадна, бидний оршин буй цэнхэр бөмбөрцөг дээр тайван, амгалан тогтнох эх орныхоо дархлааг чангалан бэхжүүлэхэд хүч нэмж буй явдал юм.
п
п