БНХАУ-ын ЭСЯ-ны хандиваар “Монгол-Хятадын найрамдал” уншлагын танхимтай болов

Share Button

БНХАУ-ын ЭСЯ-ны хандиваар МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн дэргэд өнөөдөр “Монгол-Хятадын найрамдал” хятад номын уншлагын танхимыг нээлээ. Тус танхим нь 500 гаруй хятад хэлний сурах бичиг, 300 гаруй хятад ном, бүтээл, судалгааны хэрэглэгдэхүүн болон 700 гаруй хятад сэтгүүлээс бүрджээ.

“Энэ танхимыг байгуулснаар хятад хэлний багш нар, мэргэжлийн ангийн оюутнууд, магистрант, докторантуудын суралцах орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ хятад хэл болон соёлыг сонирхдог, суралцах хүсэлтэй МУИС-ийн олон багш, оюутны өмнө үүд хаалга нь нээлттэй” гэдгийг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар онцоллоо.

Тэрбээр хэлэхдээ, “БНХАУ-ын ЭСЯ-наас МУИС-ийн хятад судлалын салбарыг хөгжүүлэх, гадаад харилцааг нь өргөжүүлэх, хятад хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг нь дэмжих, хятад хэлний сургалтын материаллаг баазыг бэхжүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бчгээр хангах зэргээр туслалцаа үзүүлж ирсэн. Энэ удаа 100 мянган юанийн хандиваар энэхүү танхимыг байгуулж байгаад талархал илэрхийлье. МУИС-ийн хятад судлалын салбар цаашид улам өргөжин хөгжиж,  хятад хэлний сургалтыг улам сайжруулах, олон шинэ ном бүтээлээр баяжина гэдэгт итгэлтэй байна” гэв

Тус танхимын нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй, МУИС-ийн дэд захирал, доктор О.Мөнхбат болон эрдэмтэн багш, оюутны төлөөлөл оролцов.

Дашрамд мэдээлэхэд, Ази судлалын тэнхимийн нэг салбар болох хятад судлал нь МУИС-д төдийгүй улсын хэмжээнд жинтэй томоохонд тооцогдох салбар юм. Монгол Улсын хэмжээнд анх 1957 онд МУИС-д хятад хэл зааж эхэлсэн бөгөөд энэ жил хятад хэлтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тэмдэглэх аж

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар