Монгол Улсын Их Сургууль хөгжлийн бэрхшээлтэй суралцагсдад ээлтэй, хүртээмжтэй дэд бүтэцтэй орчныг бүрдүүлнэ

Share Button

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Сургууль, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран МУИС-ийн оюутнуудын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах, МУИС-ийг хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй, дэд бүтэц хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн сургууль болох зорилготой “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэд МУИС-ийн Оюутны сургалт хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга Б.Алтангэрэл, МУИС-ийн Хангамж, үйлчилгээний газрын дарга В.Алтансүх, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дарга Ц.Ганчимэг, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн БХНОХ-ийн дарга С.Баярбат зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Өдөрлөгийг нээж МУИС-ийн Оюутны сургалт хариуцсан дэд захирал Б.Очирхуяг үг хэлэв. Тэрбээр МУИС хөгжлийн бэрхшээлтэй суралцагсдад ээлтэй орчинг бий болгох чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Бид Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд хүсэлт гарган МУИС-ийн хичээлийн орчин, нөхцөл хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй эсэх асуудлаар дэд бүтцийн үнэлгээ хийлгэсэн. Өнөөдөр энэ үнэлгээний тайлан, зөвлөмжийг хүлээн авч байна. Тус зөвлөмжийн дагуу цаашид энэ ажил тогтмол үргэлжлэх болно. Тэргэнцэртэй оюутнууд орох боломжтой налуу шат, хаалга, үүднээс эхлээд хөгжлийн бэрхшээлтэй суралцагсдад ээлтэй, суралцах боломжид нь саад болж буй зүйлүүдийг засч залруулж байна. Хамгийн чухал нь хөгжлийн бэрхшээлээс шалтгаалан суралцах, хөгжихөд нь бэрхшээл учруулах ямарваа нэгэн зүйлгүй сургууль болох зорилт тавин ажиллаж байгааг онцолсон юм.

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дарга Ц.Ганчимэг хэлсэн үгэндээ Монгол Улсын ууган их сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй, хүртээмжтэй дэд бүтэцтэй байхыг чухалчлан, санал санаачилга гарган, дэд бүтцийн үнэлгээ хийлгэсэнд талархаж байна. Цаашид үнэлгээний тайлан, зөвлөмжид тусгасан ажлуудыг шат дараалан хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Мөн дохионы хэлний анхан шатны сургалтад хамрагдсан МУИС-ийн 20 багшид батламж гардууллаа.

Өдөрлөгийг нээж сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагч Энхчимэг ая дууны мэндчилгээ хүргэв.

Өдөрлөгийн үеэр оюутнуудад Сэргээн засах эмнэлгийн үзлэг, Эхо, Лабораторийн шинжилгээ, Хөдөлгөөн засал, Зүрхний цахилгаан бичлэг зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ болон сэтгэл зүй, хууль зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүллээ.

Түүнчлэн мэтгэлцээний тэмцээнийг оюутнуудын дунд зохион байгуулсан юм.

Мэтгэлцээний тэмцээнийг парламентын мэтгэлцээний дүрмээр, хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье сэдвийн хүрээнд МУИС-ийн оюутнуудаас бүрдсэн багуудын дунд зохион байгуулсан бөгөөд I байрт Тотем баг, II байрт Гацуурхан баг, III байрт Морал баг, Тусгай байрт Зэрэглээ баг шалгарлаа. Мэтгэлцээний тэмцээнд оролцсон багуудад МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга Б.Алтангэрэл, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн БХНОХ-ийн дарга С.Баярбат нар өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав.

Нөлөөллийн үйл ажиллагаагаар тэргэнцэр, суга таяг, нүдний боолт зэргийг ашиглан оюутнуудыг өөрийн биеэр бэрхшээлийг мэдрэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар асуудал өдөр бүр тулгамддаг талаар ойлгуулахыг зорьсон юм. МУИС-ийн 3 оюутныг өөрийн хүсэлтээр нь Хичээлийн II байрны 2 давхараас тэргэнцэр, суга таяг, нүдний боолт зэргийг ашиглан доош бууж, автобусны буудал хүртэл явууллаа. 

Нөлөөллийн үйл ажиллагаанд оролцсон оюутнуудын сэтгэгдэл

МУИС-ийн оюутан Д.Отгонцэцэг: Өнөөдрийн өдөрлөгт харааны бэрхшээлийг өөрийн биеэр мэдрэх нөлөөллийн үйл ажиллагаанд оролцлоо. Би хоёр нүдээ боож МУИС-ийн Хичээлийн II байрны 2 давхараас бууж, автобусны буудал хүртэл явсан. Нүд юм харахгүй, харанхуй байх аймар юм байна. Шатаар буухад уначих вий гэж айж хэцүү байсан. Мөн хараагүй иргэдэд зориулсан гэрлэн дохио байхгүй нь ямар гэрэл асч байгааг мэдэхгүй, заавал хэн нэгнээс тусламж хүсэх хэрэгтэй болгодог юм байна. Автобусны буудал руу алхаж байхдаа шон мөргөх шахсан. Хүмүүс туслаж автобусны буудал руу очиж чадсан.

МУИС-ийн оюутан Ү.Ганхуяг: Хоёр суга таягтай шатаар буухад уначих гээд хэцүү байлаа. Тэнцвэр алдагдаж маш удаан явахгүй бол унах аюултай юм байна. Мөн хаалгаар гарах, автобусанд суух зэрэг хүндрэлтэй зүйл их байгааг өнөөдөр мэдлээ. Бас хүмүүсийн хандлага, харц үнэхээр өөрчлөгддөг юм байна. Зөрсөн хүн бүр гайхан харж байсан нь хэцүү санагдлаа.

МУИС-ийн оюутан Д.Лувсанравдан: Тэргэнцэртэй хүн сурч боловсрох, хичээл сургуульдаа ирж очих үнэхээр хүндрэлтэй байдаг юм байна. 2 давхараас доош буух хамгийн хэцүү нь байлаа. Заавал 2-3 хүнээс тусламж гуйж өргүүлэн шатаар буух хэрэгтэй болдог юм байна. Довжоо, замын хашлага зэрэгт тэргэнцэрийн дугуй тулж хөдлөх боломжгүй болж байлаа. Хүмүүсээр туслуулахгүй бол үнэхээр ганцаараа явахад хүндрэлтэй юмаа. Хүмүүсээр туслуулж автобусны буудал дээр очоод автобусанд суух гэтэл налуу хэсэг байхгүй учир өндөр замын хашлагаар доош буух нь бас хэцүү байдаг юм байна.

МУИС-ийн оюутнууд өөрийн биеэр бэрхшээлийг мэдрэх нөлөөллийн үйл ажиллагаанд оролцон, хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт, мэдээлэлтэй боллоо. Түүнчлэн сургуулийн удирдлагын зүгээс цаашид суралцах орчин, нөхцөлийг хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй, хүртээмжтэй дэд бүтэцтэй болгох чиглэлд анхаарал хандуулахаа илэрхийлэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар