“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон Улсад суралцах оюутнуудад батламж гардууллаа

Share Button

Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон Улсад суралцах оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болов. Үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа,  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Масато Такаока, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мицуми, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. Япон Улсад 2018 онд суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр, докторын хөтөлбөрийн МУИС болон ШУТИС-ийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30 оюутан нийт 96 оюутан, багш, судлаачид батламжаа гардан авсан юм. Эдгээр оюутан, судлаачийг Японы талын их, дээд сургууль, БСШУСЯ болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс тавигдсан шаардлага, Япон-Англи хэлний мэдлэг зэргийг нь харгалзан сонгожээ.

Оюутан залуус, зочдод хандан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мицуми,  МУИС-ийн захирал  Я.Төмөрбаатар, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “ИТДБ” төслийн зохицуулагч Д.Намсрай нар үг хэлэв.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “Хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах болсон бүх оюутнуудад Монгол Улсын Их Сургуулийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд МУИС нь Япон Улсын их сургуулиудтай хамтран тэргүүлэх 10 чиглэлээр судалгаа хийж байна. МУИС-ийн багш, судлаачдыг чадавхижуулах магистрын хөтөлбөрт 9 судлаач, докторын хөтөлбөрт 20 багш, зэргийн бус сургалтад 49 багш, судлаачид  Япон Улсад сургалтад хамрагдаад байна. Энэхүү төслөөр Япон Улсын их, дээд сургуулиудаас 38 профессор МУИС-д ирж хамтарсан судалгаа хийсэн байна. Энэ төслийн  үйл ажиллагаа цаашид улам эрчимтэй үргэлжилж, төслийн сургалтад олон олон залуу судлаач эрдэмтэн хамрагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.

ШУТИС-ийн захирал Б.Очирбат: “Япон Улсад 1000-н инженер сургаж бэлтгэх зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл дөрөв дэх жилдээ ийнхүү амжилттай хэрэгжиж байна. Оюутнууд маань амжилттай сурч, инженер, технологийн чиглэлээр өндөр түвшний  боловсрол эзэмшиж эх орондоо ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Япон улсад 2018 онд докторын хөтөлбөрт хамрагдахаар болсон МУИС-ийн залуу багш  Б.Төрмандах: “Япон Улсад  суралцах болсондоо маш баярлаж байна. Ирээд өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна” гэв.