МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс нь АНУ-ын Clarivate Analytics компанийн Хятад улсын Төлөөлөгчийн газартай хамтран 2018 оны 4 дүгээр сарын 02-03 ны өдрүүдэд Монгол улсын төрийн хэвшлийн их дээд сургуулиуд болон ШУА-ийн 130 гаруй эрдэмтэн, судлаач, багш нарт зориулсан “WEB OF SCIENCETM судалгааны платформын ашиглалт, хэрэглээг үр дүнтэй болгох нь” сэдэвт 2 өдрийн сургалт-семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг АНУ-ын Clarivate Analytics компанийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын борлуулалт хариуцсан захирал Travis Hu, борлуулалтын ахлах менежер Aaron Yang болон мэргэжилтэн Lin Wang, Deborah Guo нар сургагч багшаар ирж гүйцэтгэлээ.
Clarivate Analytics компани нь олон улсын хэмжээний гол патентийн мэдээлэл болон JCR индекстэй эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлийн өгөгдлийн санг бүрдүүлэн импакт факторт нь анализ хийдэг, түүнийг нь үндэслэн дэлхийн томоохон их сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгийн түвшинг үнэлэн гаргадаг өндөр түвшний дүн шинжилгээ хийдэг дэлхийн 40 гаруй оронд 100 гаруй салбартай, 4000 гаруй ажилтантай, жилийн орлого нь 1 тэрбум гаруй доллар, өгөгдлийн санд нь 32 хэлээр хандалт хийх боломжтой өргөн цар хүрээ бүхий байгууллага юм.
Энэхүү сургалтын зорилго нь олон улсын WEB OF SCIENCETM өгөгдлийн санд бүртгэлтэй JCR индекстэй мэргэжлийн сэтгүүлд Монголын эрдэмтэн судлаачдын хэвлүүлэх эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх улмаар олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шилдэг судлаачдыг бэлтгэн, чадавхижуулахад чиглэсэн болно.
Сургалтын гол агуулга нь WEB OF SCIENCETM платформын тухай танилцуулга болон түүний практик хэрэглээ, судалгааны менежмент, библиометрик, судалгааны санхүүжилт, WEB OF SCIENCETM-ийн сэтгүүлийг үнэлэх зарчим, үйл явц зэрэг асуудлуудыг багтаасан. Сургалтыг доорх холбоосоор орж үзнэ үү.
Clarivate Analytics компани болон МУИС-ийн хамтарсан сертификатыг сургалтанд хамрагдсан багш, судлаач нарт гардуулахын зэрэгцээ тус сургалтыг илүү үр өгөөжтэй, практик хэрэглээг нэмэгдүүлэх, улмаар эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлийн тоо болон чанарыг дээшлүүлэх зорилгоор МУИС, Clarivate Analytics компанийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус компанийн санал болгодог WEB OF SCIENCETM болон DWPI өгөгдлийн сангуудыг тодорхой хугацаагаар 2 жил үнэ төлбөргүй ашиглах эрхтэй болж байгаа болно.
Цаашид МУИС, Clarivate Analytics компанийн хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын чадавхи, судалгааны үр дүнг нэмэгдүүлэх зорилготой олон сургалт, семинарыг дэс дараатай зохион байгуулахын зэрэгцээ, үндэсний хэмжээнд тус судалгааны платформын ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий сургагч нарыг тус компанид сурган, дадлагажуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс