Эмгэнэл

Share Button

УРАНЖА ОВОГТ НАМСРАЙЖАВЫН ГАНБААТАР (1941-2018)

МУИС-ийн ууган ажилтан, цөмийн физикч, доктор, профессор Намсрайжавын Ганбаатар 2018 оны 05-р сарын 22-нд зуурдаар таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо. Талийгаачийн бүхий л амьдрал Монголын боловсролын салбартай холбоотой байсны дотор сүүлийн хагас зуун жилийн хугацаанд МУИС-иар хаяглаж, Монгол улсад цөмийн спектр судлалыг хөгжүүлэх, цөмийн физикийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх үйлсэд бүхий л хөдөлмөр бүтээлээ зориулж ирсэн авъяаслаг судлаач, ачлалт багш байлаа.

Н. Ганбаатар 1941 онд Завхан аймгийн Сонгино суманд төрж, 1949-1957 онд бага дунд сургууль, 1957-1961 онд Багшийн сургууль, 1967-1972 онд МУИС-д суралцан, физикч, физикийн багш мэргэжил эзэмшиж, 1985 онд физик-математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна.

Н.Ганбаатар 1961-1967 онд Завхан аймагт дунд сургуулийн тоо-физикийн багш, 1972, 1979-1985 онд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1973-1979 онуудад болон 1985 оноос МУИС-д инженер, эрдэм шинжилгээний ажилтан, багш, Цөмийн шинжилгээний лаборатори болон тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байлаа.

Доктор Н. Ганбаатар атомын цөмийн бүтцийг танин мэдэх өндөр түвшний судалгааны ажил хийж, богино наст 9 изотоп болон изомер төлвийг шинээр илрүүлж, цөмийн бүтэц, шинж чанарын талаар өмнө мэдэгдэж байгаагүй харилцан хамаарлуудыг нөхдийн хамт олж тогтоосон байдаг. Мөн Монгол орны эрдэс түүхий эдийн найрлага, байгалийн болон үүсмэл цацраг идэвхийг цөмийн физикийн аргаар хэмжин тогтоох зэрэг хэрэглээний чиглэлийн судалгаа-боловсруулалтын ажил олныг хийсэн. Тэрээр судалгааны ажлын үр дүнгээ олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэж, 120 өгүүлэл хэвлүүлсний ихэнхийг олон улсын болон гадаад орны өндөр зэрэглэлийн мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж, нэртэй эрдэмтдээс өндөр үнэлгээ авч байлаа.

Мөн их дээд сургуулийн оюутанд зориулсан атом, цөмийн физикийн нарийн мэргэшлийн 12 сурах бичиг, гарын авлага бичиж, редакторласан байна.

Н.Ганбаатарын хөдөлмөр, бүтээлийг төр засгаас үнэлж, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медаль, “шинжлэх ухааны болон боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, яамны хүндэт жуух бичиг, ЦШНИ-ийн шилдэг ажилтны дипломоор шагнасан юм.

Ганбаатар багшийн авьяас билэг, ажилч хичээнгүй, төлөв даруу, нөхөрсөг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

ЦӨМИЙН ФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВ

ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЛЭЛИЙН СУРГУУЛЬ

ХИМИ, БИОИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

ФИЗИКИЙН ТЭНХИМ

ПРОФЕССОР БАГШ, АЖИЛТАН НАР

ОЮУТАН СУРАЛЦАГЧИД

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар