МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 онд “МУИС-Хакатон” (NUM startup 1.0) хөтөлбөр, 2018 онд “Багш, оюутны стартап хөтөлбөр” (NUM startup 2.0)-ийг хэрэгжүүлсэн. Мөн 2018.11.27-ны өдрийн А/439 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “МУИС-ийн судалгааны ажлын санхүүжилтийн журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Эдгээр арга хэмжээний үр дүнд одоогийн байдлаар гарааны компани байгуулах, инновацийн төсөл хэрэгжүүлэхээр нийт 10 баг судалгаа, туршилтын ажил хийж байна.
Иймд МУИС-ийн дэргэд гарааны компани байгуулах төсөл хэрэгжүүлж буй судлаачдын багууд болон цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр инновацийн төсөл хэрэгжүүлэх, гарааны компани байгуулах зорилго бүхий багш, судлаач, оюутанд зориулж “Гарааны компанийн менежмент” сургалтыг 2019.02.28-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын өрөөнд зохион байгууллаа.
Сургалтад МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал проф.Ч.Ундрам “Стратегийн менежмент”, Торгоны зам сангийн гүйцэтгэх захирал М.Халиунбат “Гарааны компанийн өсөлтийн зам”, БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Энхтуяа “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журмын өөрчлөлт ба зохицуулалт”, ОӨГ-ын Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Одгэрэл “МУИС-ийн дэргэд байгуулагдах гарааны компанийн оюуны өмчийн менежментийн асуудал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш С.Батбаяр “Компанийн засаглал ба бизнесийн эрх зүйн асуудал”, МУИС-ийн “Гарааны МБП” ХХК-ийн үүсгэн байгуулагч проф.Ж.Батхүү “Ургамлын биотехнологийн салбарт гарааны компани байгуулсан туршлага”, МУИС-ийн “Дижитал солюшнс” ХХК-ийн үүсгэн байгуулагч проф.А.Энхбаяр “Өндөр технологийн гарааны бизнесийг хөгжүүлэх туршлага”, ХШУИС-ийн Машин, оюуны лабораторийн эрхлэгч, дэд проф. Ч.Лодойравсал “Санааг төсөл болгох нь” МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Др.Д.Лхагвасүрэн “Гарааны компанийн бизнес танилцуулга, дизайн төлөвлөлт” сэдвээр оролцогчидтой ярилцлага өрнүүллээ.
Инноваци, технологи дамжуулах төв
77307730 /1141/ , tto@num.edu.mn