“Кэмпбеллийн биологи” сурах бичгийн монгол хэвлэлийн нээлт болов

Share Button

2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Кэмпбеллийн биологи” сурах бичгийн 10 дахь хэвлэлийн монгол хувилбарыг танилцуулах номын баяр МУИС-ийн Номын санд боллоо. Энэхүү сурах бичиг бол биологийн мэргэжлээр их сургуулийн түвшинд суралцаж буй суралцагчдын дэлхийн шилдэг сурах бичиг бөгөөд анхны хэвлэл 1987 онд хэвлэгдэн гарч байжээ. Уг сурах бичгийн анхны зохиогч Нил Кэмпбелл эхний дөрвөн хэвлэлийг дангаараа зохион хэвлүүлж байсан бол тав дахь хэвлэлээс эхлэн хамтран зохиогчидтой хамтрах болсон юм. Харин тэрээр 2004 онд нас барснаас хойш хамтран зохиогчид нь энэхүү шилдэг сурах бичгийн уламжлалыг алдагдуулалгүй, анхны зохиогчийн алсын хараа, сургахуйн арга барилыг хэвээр үргэлжлүүлж, шинэ мэдээлэл, арга хандлагаар баяжуулан хэвлүүлж ирсэн ба уг сурах бичгийг “Кэмпбеллийн биологи” нэрээр гаргах болжээ.

Энэ сурах бичиг нь МУИС-ийн ерөнхий суурийн “Молекул ба эсийн биологи”, “Организм ба эволюцийн биологи” хичээлүүдийн үндсэн сурах бичиг төдийгүй биологийн мэргэжлийн үндсэн хөтөлбөрүүдэд суралцагсад, бүх түвшинд биологийн хичээл заадаг багш нар, биологийн хичээлээр стандарт шалгалтуудад (SAT, AP гэх мэт) болон биологийн олимпиадад бэлтгэж бэлтгэж буй хүмүүсийн гарын авлага болж ирсэн юм. Ийм хэмжээний орчин үеийн биологийн тэргүүлэх сурах бичиг монгол хэлнээ хэвлэгдсэн нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болж буй аж.

Найман бүлэг сэдэв, 56 бүлэг, 1460 нүүртэй уг сурах бичгийн 10 дахь хэвлэлийг орчуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш, профессор Б. Болдгивээр ахлуулсан баг орчуулж, АНУ-ын Азийн сан, Зак Тэйлорын гэр бүлийн хамтран байгуулсан эндаумент сангийн санхүүжилтээр хоёр дэвтэр болгон хэвлэн гаргажээ. Орчуулгын багт Батсайханы Батзаяа (арт директор), Саруулын Намуунаа (хэвлэлийн дизаинер), Сайнбилэгийн Ундрахболд (зохиогчийн эрхийн редактор, Бүлэг 31, 32, 33), Балтын Алтанцэцэг (Бүлэг 6, 14, 15), Шархүүгийн Анармаа (Бүлэг 52, 53, 54, 55, 56), Идэрзоригийн Бадамнямбуу (Бүлэг 41, 42), Амгаагийн Батбаатар (Бүлэг 37), Батдоржийн Батжаргал (Бүлэг 8, 20, 49, 50), Базарцэрэнгийн Болдбаатар (Бүлэг 19, 45), Сумъяагийн Вандандорж (Бүлэг 34, Хавсралт Б, В, Г, Д, Е), Мөнхцоожийн Номингэрэл (Эхний хэсэг), Даваадамдингийн Орхонсэлэнгэ (Бүлэг 11), Даваанямын Отгонцэцэг (Бүлэг 43, 44), Шижирбаатарын Солонго (Бүлэг 3, 30), Рэнчингийн Сүнжидмаа (Бүлэг 35, 36, 38, 39), Сүхбаатарын Түвшинтөгс (Бүлэг 29), Сүхбаатарын Цогт (Бүлэг 46), Дамжингийн Чинзориг (Бүлэг 4, 5, 9, 28), Ганболдын Энхбаатар (Бүлэг 12), Батдэлгэрийн Эрдэнэцэцэг (Бүлэг 10, 27), Базарцэрэнгийн Болдгив (Бүлэг 1, 2, 7, 13, 16, 17, 18, 21, 22, 23, 24, 25, 26, 40, 47, 48, 51, Хавсралт А, Кредит, Нэр томьёоны тайлбар) нар, орчуулгын ерөнхий редактороор Б.Болдгив ажиллажээ.

Номын нээлтэд МУИС-ийн ШУС-ийн удирдлага, Биологийн тэнхимийн багш, оюутны төлөөлөл, биологийн салбарын бусад байгууллагын болон эрдэм мэдлэгийн салбарын төлөөлөл оролцлоо. “Кэмпбеллийн биологи” сурах бичгийн бусад сурах бичгээс ялгарах онцлог, арав дахь хэвлэлд шинээр орсон материалууд болон монгол хувилбарыг хэвлүүлэх ажлын зохион байгуулалт, эцсийн үр дүнг Биологийн тэнхимийн багш, доктор Б. Болдгив танилцуулж, хүрэлцэн ирсэн зочдод номын дээжээс гардуулав.

Мөн уг номыг хэвлэх ажилд дэмжлэг үзүүлсэн АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг уг номыг монгол хувилбарыг бэлтгэх үйл явцын талаар мэдээлэл өгч, амжилт хүссэн бол МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны Салбар эрхэлсэн дэд захирал, профессор Ц. Амартайван, МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор Р. Самъяа, Биологийн тэнхимийн профессор К. Улыкпан нар мэргэжлийн суурь хичээлийн үндсэн сурах бичигтэй болохын ач холбогдлыг үнэлж, орчуулгын багт баяр хүргэж үг хэллээ. Орчуулгын багийн гишүүн, “Эмпати” сургуулийн багш Д. Чинзориг олон улсын биологийн олимпиадад Монголын сурагчдын гаргаж буй амжилт өсөж буй тухай, түүнд “Кэмпбеллийн биологи” зэрэг мэргэжлийн сурах бичиг эх хэл дээр гарахын үр нөлөөний тухай үг хэлснээр номын танилцуулгын арга хэмжээ өндөрлөв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар