Монгол Улсын их, дээд сургуулиуд судалгаа, инновацийн чадавхыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна

Share Button

Монгол Улсын их, дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхыг хөгжүүлэх зорилготой “ЕХ-ны Ерасмус+” хөтөлбөрөөс санхүүжиж буй “ARROW” (Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities) төсөл 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн зохицуулагчаар Испанийн Гран Канарын Лас Палмасын Их сургууль (ULPGC-University of Las Palmas de Gran Canaria), төслийн хамтрагч байгууллагаар Испанийн Гран Канарын Лас Палмасын Их сургуулийн ШУТПаркийн сан (Scientific and Technological Park Foundation of the ULPGC), Польшийн Щециний Их сургууль (University of Szczecin), Португалийн Порто их сургууль (The University of Porto) мөн Монголын 12 их дээд сургууль (Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургууль, Хангай Дээд Сургууль) хамтран ажиллаж байна.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд “Шинжлэх ухааны мэдээллийн сан” сургалтыг 2018.10.01-ээс 2019.02.01-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулсан ба төслийн хамтрагч Монголын 12 их дээд сургууль тус бүрээс 15 багш, судлаач буюу нийт 180 хүн тус сургалтад хамрагдсан юм. Энэхүү сургалтаар шинжлэх ухааны мэдээллийн санг ашиглах үндсэн ойлголт ба хэрэглээ, “MEDLINE®/PUBMED® мэдээллийн санд хандах аргачлал, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн бүртгэлийн системд сэтгүүл бүртгүүлэх арга зам зэрэг сэдвээр Польшийн Щециний Их сургуулийн доктор Малгожата Гузовска, профессор Паулина Низведзка Райствэй, профессор Юрий Билян нар онлайн сургалт явуулсан юм. Иймд энэхүү сургалтад амжилттай хамрагдсан нийт багш, судлаачдад сертификат гардуулах арга хэмжээг 2019.03.06-ны өдрийн 16:00 цагт МУИС-ийн “Эрдмийн өргөө” хурлын танхимд зохион байгууллаа.


Энэхүү арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Др.С.Мөнхбат хэлсэн үгэндээ төрөөс шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч, тус төслийн хэрэгжилтийн хүрээнд Монголын их дээд сургуулиуд хамтдаа судалгаа, инновацийн чадавхийг хөгжүүлэх нэгэн зорилгын дор хамтран ажиллаж байгааг сайшаан үнэлж, төслийн хамтрагч их дээд сургуулиудын багш, судлаачдад эрдмийн өндөр амжилт хүслээ.

“Шинжлэх ухааны мэдээллийн сан” онлайн сургалтад амжилттай хамрагдсан  судлаачдын сертификатыг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Др.Б.Очирхуяг, АШУҮИС-ийн Био анагаахын салбарын Эрдмийн зөвлөлийн НБД, Проф.Э.Баярмаа, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал Проф.Ж.Батбаатар, ХААИС-ийн   ШУ-ны зөвлөлийн ажлын албаны дарга, ЭЗЭНБД Др.Б.Баярмаа, СЭЗИС-ийн Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, Ахисан түвшний сургалт, судалгаа хариуцсан проректор Проф.Ж.Батхуяг, ХУИС-ийн Академик чиглэл хариуцсан дэд захирал Др.П.Батринчин, УБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Проф.С.Цолмон, ШМТДС-ийн Ректор Проф.Ч.Ганзориг, ХИДС-ийн Ерөнхий захирал Др.Лу.Соёмбо, ЦГМДС-ийн Захирал Г.Наранбат, ХДС-ийн Захирал Др.Т.Цэнд-Аюуш,  ОТИС-ийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн захирал дэд Проф.Б.Одгэрэл нар гардуулж өглөө.

Цаашид энэхүү төслийн хэрэгжилтийн хүрээнд 2019 оны 7-р сард төслийн хамтрагч байгууллагуудын нэгдсэн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах ба “Training course on Scientific English”, “Training course on Applied statistics”, “Workshop on Writing a project proposal for EU funds”, “Patents”, “Plagiarism” сэдвээр онлайн болон танхимын сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Инноваци, технологи дамжуулах төв

tto@num.edu.mn   77307730-1141