“МУИС-ийн Оюуны өмчийн өдөрлөг-2019” (NUM IP day-2019) амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/167 тоот тушаалын дагуу “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, инновацын соёлыг төлөвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “МУИС-ийн Оюуны өмчийн өдөрлөг-2019” (NUM IP day-2019)-ийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг МУИС-ийн Инновац, технологи дамжуулах төв, Оюуны өмчийн газар, Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хороо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрхзүйн тэнхим хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг нээлээ.

Өдөрлөгийн хүндэт зочноор  МУЗГХА-ийн Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-эрдэнэ, Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооны Тэргүүн Д.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх захирал Д.Батдэлгэр, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Энхжаргал, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярт,  Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантөмөр, Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Иргэний эрхзүйн хорооны Тэргүүн Ч.Отгонбаатар, Оюуны өмчийн эрхзүйн дэд хорооны зохицуулагч Э.Болорчулуун, РИО ТИНТО группийн Мэдээлэл, харилцааны захирал хатагтай Симон Нивен, Оюу Толгой ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын захирал Ж.Сүнжидмаа, Гадаад харилцааны мэргэжилтэн Ё.Лхамаа нар уригдан оролцлоо.

МУЗГХА, Оюуны Өмчийн Газрын дарга Э.Эрдэнэсүрэн мэндчилгээ дэвшүүлж хэлэхдээ: -2019 он Оюуны Өмчийн Газрын хувьд эрхзүйн шинэчлэлийн жил болно гэж төлөвлөж байна. Одоо ХЗДХЯ дээр оюуны өмчийн салбарын 3 гол хууль болох Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулиудын шинэчлэсэн найруулгын төслүүд хэлэлцэгдэж байгаа ба энэ намрын чуулганы үеэр УИХ-р хэлэлцүүлж батлуулахаар зорин ажиллаж байна. Мөн УИХ гишүүн Учрал Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан байгаа. Дүгнээд хэлэхэд 2019 он оюуны өмч, инновацийн хүрээнд эрхзүйн шинэчлэлийн жил болж байна гэж онцлон тэмдэглээд өдөрлөгт оролцож буй бүх багш, судлаач, зочдод ажлын өндөр амжилт хүслээ.

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооны Тэргүүн Э.Эрдэнэчимэг хүндэт зочны мэндчилгээ дэвшүүлж хэлэхдээ: Манай байгууллага анх 1996 онд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр Патентийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо нэртэйгээр байгуулагдаж байсан ба үйл ажиллагааны цар хүрээ өсч болон гишүүдийн тоо нэмэгдсээр 2006 онд Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо болж өөрчлөн зохион байгуулагдсан. 2017  онд манай байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ба 2019 оны 3 дугаар сард Оюуны Өмчийн Газартай хамтран ажиллах гэрээ анх удаа байгуулсны үр дүнд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн сонгон шалгаруулалтыг зарлаж нийтдээ бид 50 гаруй итгэмжлэгдсэн төлөөлөгч гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагын хувьд оюуны өмчийн салбарт дэвшил авч ирэхийн тулд мэргэжлийн байгууллага, инноваци, оюуны өмчийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа маш чухал гэдгийг онцолж үздэг. Өнөөдөр бид Монгол Улсын ууган их сургууль МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж цаашдаа оюуны өмчийн бодлого, инновац ба технологи дамжуулалтын хүрээнд үр бүтээлтэй хамтраж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Иргэний эрхзүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар хүндэт зочны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ: Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан МХХ-ны Иргэний эрхзүйн хороо дэргэдээ Оюуны өмчийн дэд хорооны үйл ажиллагааг 2019 оны 4-р сарын 26-ны өдөр албан ёсоор эхлүүлж байгаа. Энэхүү дэд хороо өнөөдөр төслийн шатанд хэлэлцэгдэж байгаа оюуны өмчийн багц хуулиудын шинэчлэсэн найруулгад мэргэжлийн үүднээс дүн шинжилгээ хийж хамтран ажиллаж байна.  Цаашид МУИС-тай хамтран оюуны өмчийн эрхийн хэрэгжилт, лиценнзийн гэрээ байгуулах зэрэг ажлуудад мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн энэхүү арга хэмжээнд зориулж Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрхзүйн хорооны багш, судлаачдын номын дээжээс бэлэг болгон Инноваци, технологи дамжуулах төвийн ажилд амжилт хүсч дурсгаж өглөө.

Өдөрлөгийн үеэр МУИС-ийн Инновац, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн тус төвийн үйл ажиллагаа, голлох амжилтууд болон оюуны өмч, инновац, технологи дамжуулалтын хүрээнд хийж буй үйл ажиллагаа,  МУИС-ийг хөгжүүлэх стратиеги төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлүүдийн талаар танилцуулга хийлээ.

МУИС-ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/137 тоот тушаалын дагуу манай сургуулийн эрдэмтэн, судлаачдын оюуны өмчийн бүтээлийг бүртгүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих зорилгоор “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч-2018” шагналаар “Бруцелла нянг зүйлийн төвшинд оношлох мультиплекс полимеразийн гинжин урвалын цомог”  (Патент № 10-0004675, Зохиогч-Н.Цэвэлмаа, Ж.Батхүү, Б.Нарангэрэл, О.Одгэрэл), “Шар сүүний антиоксидант идэвхтэй ундаа үйлдвэрлэх арга”  (Патент №4606, Зохиогч Б.Батжаргал), Агарицинтай шавар бигнүүр (Патент №3474, Зохиогч- Ш.Наранмандах), Виртуал симуляторийн цогц системийн удирдлагын дэлгэц (Ашигтай загвар № 20-0002858, Зохиогч-А.Энхбаяр, Х.Оюундолгор), “Уусдаг цахиур буюу царууц бөөнцөг бэлтгэх арга” (Ашигтай загвар №2777, Зохиогч- Ц.Эрдэнэбат, И.Гантөмөр) тус тус шалгарч цом болон мөнгөн шагналаар шагналаа.

Шагналыг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг, ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган, ОУХНУС-ийн захирал С.Баттулга, ОӨГ-ын дарга Э.Эрдэнэсүрэн, МХХ-ны Ерөнхийлөгч Ж.Хунан, МОӨИТХ-ны Тэргүүн Э.Эрдэнэчимэг нар гардуулан өглөө.

МУИС-тай тогтвортой, найдвартай хамтран ажиллагч, их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаанд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан хувь нэмрийг үнэлж Оюу Толгой ХХК болон АНУ-ын Баруун өмнөд Миннесотагийн их сургуулийн профессор Дэвид Пикаски нарыг “МУИС-ийн Шилдэг түнш-2018”-ээр шалгаруулж өргөмжлөл гардууллаа.

“МУИС-ийн Шилдэг түнш-2018” (Байгууллагыг төлөөлж) өргөмжлөлийг РИО ТИНТО группийн Мэдээлэл, харилцааны захирал хатагтай Симон Нивен, Оюу Толгой ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын захирал Ж.Сүнжидмаа, Гадаад харилцааны мэргэжилтэн Ё.Лхамаа нар гардан авлаа.

Оюу Толгой ХХК нь МУИС-ийн багш нар эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээ практикт нэвтрүүлэх, үйлдвэрлэлтэй хамтарсан судалгаа, инновацын чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаас гадна оюутан дадлагажуулах, их өгөгдөл боловсруулах серверийн дэд бүтцийг хандивлах зэргээр дэмжин ажилласаар ирснийг үндэслэн дараах шагналыг шалгаруулжээ. Одоогоор ХБИТ-ийн Д.Эрдэнэчимэг профессорын 3 жилийн хугацаатай Зэсийн баяжмал дах зэсийн агуулга болон жингийн зөрүүний үндсэн шалтгааныг тодорхойлох судалгаа, Зэврэлтийн процессын судалгаа зэрэг төсөлд 239 сая төгрөг, ЭХИТ-ийн дэд проф.Ч.Лодойравсал удирдаж буй “Машин оюуны лаборатори” (МОЛ)-той гэрээ байгуулж анхдагч бутлуурын тоног төхөөрөмжийн нөхцөлт засвар үйлчилгээг хиймэл оюун ашиглан урьдчилан таамаглах төсөлд 48 сая төгрөгийн санхүүжилт хийсэн.

Мөн  Оюу толгой компаниас их өгөгдлийн платформ, дэд бүтцийг байгуулахад зориулж олон тооны сервер болон дагалдах тоног төхөөрөмжийг МОЛ-д хандивласан ба тус дэд бүтцийг угсрах, цаашдын ашиглалтыг хариуцах ажлыг ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн дэд профессор, МОЛ-ийн Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн багийн ахлагч Г.Амарсанаа удирдан зохион байгуулж байна. 2019 оны 3 дугаар сараас эхлэн Оюу толгой ХХК нь ХШУИС-ийн ХМТ-ийн проф.А.Энхбаярын удирдаж буй “Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лаборатори”-той хамтын ажиллагаа эхлүүлж байна.

РИО ТИНТО группийн Мэдээлэл, харилцааны захирал хатагтай Симон Нивен тус өдөрлөгт мэндчилгээ дэвшүүлж “Бид МУИС-тай боловсролын салбарын олон чиглэлээр хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Ирээдүйн мэргэжилтнүүд, ялангуяа охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр бид анхаарал хандуулан ажилладаг. Хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд энэхүү нэр хүндтэй шагнал авсандаа туйлын их баяртай байна” гэлээ.

Мөн “МУИС-ийн Шилдэг түнш-2018” (Хувь хүнийг төлөөлж) өргөмжлөлийг АНУ-ын Баруун өмнөд Миннесотагийн их сургуулийн профессор Дэвид Пикаскийг төлөөлж МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Я.Одцэцэг гардан авлаа.

Профессор Дэвид Пикаски нь анх 2003 онд МУИС-ийн ГХСС-д нэг жилийн хугацаатай англи хэлний багшаар ажиллаж 2004-2018 оны хүртэлх хугацаанд нийт 140 оюутанд 70,6 сая төгрөгийн тэтгэлэг олгосон ба 2016 оноос тус тэнхимээс эрхлэн гаргадаг Mongolian Journal of English Language and Culture Studies (ISSN 2410-1389 ) сэтгүүлийн редактораар ажиллаж байна.

Өдөрлөгийн үеэр МУИС-ийн инновац, технологи дамжуулалт, оюуны өмчийн менежмент, гарааны компанийн эрхзүйн асуудал зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын түншлэлийг хөгжүүлэхэд харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын Холбоотой тус тус хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Өдөрлөгийн үеэр “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн ба Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-эрдэнэ “Оюуны өмчийн зөрчил шийдвэрлэх ажиллагаа”, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярт “Оюуны өмчийн эрхийг хамгаалахад итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гүйцэтгэх үүрэг”, ХЗС-ийн Хувийн эрхзүйн тэнхимийн проф. Б.Тэмүүлэн, ахлах багш С.Боловсон “Шинжлэх ухааны бичмэл бүтээлийн зохиогчийн эрх”, Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны Оюуны өмчийн эрхзүйн дэд хорооны зохицуулагч Э.Болорчулуун “Оюуны өмчийн эрхийн зөрчлийг шийдвэрлэх арга замууд” сэдвээр илтгэл танилцуулж өдөрлөгт оролцсон багш, судлаачдын дунд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” хэлэлцүүлэгт МУИС-ийн дэргэд гарааны компани байгуулахаар төлөвлөж буй болон инновацийн төсөл хэрэгжүүлж буй багш, судлаач, оюутны төлөөлөл оролцож зочин илтгэгчдийн танилцуулсан илтгэлийн сэдвээр хэлэлцлээ.

МУИС, Инновац, технологи дамжуулах төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар