Цахим сургалт ба багш нарын байр суурь
МУИС-ийн багш нартай цахим сургалтын талаарх байр суурь, цахим сургалтын давуу болон хүндрэлтэй талууд, учирч буй бодит бэрхшээлүүдийн талаар ярилцаж цувралаар хүргэж байна.
— — — — — — — — — — — — — — — — — — —
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний төвийн эрхлэгч, дэд профессор Д.Отгонтуяатай ярилцсаныг хүргэж байна.
Цахим сургалтад шилжсэнээс хойш хичээл, сургалтаа хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Дэлхий нийт коронавирусийн цар тахалтай нүүр тулгарч, боловсролын систем дэх уламжлалт танхимын сургалтаас онлайн (цахим) хэлбэрт шилжих зайлшгүй нөхцөл үүсэж багш, оюутны аль алинд зайнаас сургах, суралцах шаардлага бий болсон. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны удирдамж гарсны дагуу багш нар хичээлээ цахим хэлбэрээр бэлтгэж СиСи мэдээллийн системээр дамжуулан оюутнуудтайгаа харилцаад зогсохгүй Microsoft Teams, Edmodo, Skype, Zoom зэрэг платформууд, цахим шуудан, гар утас, мессенжерийг ашиглан сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулсаар ирлээ. Дэлхийн өнцөг булан бүрд боловсролын байгууллагууд суралцагчдын сургах үйл явцыг үргэлжлүүлэхийн тулд онлайн сургалтын хамгийн тохиромжтой платформыг эрэлхийлж байна.
Цахим хичээлийг явуулахтай холбоотой асуудал багш нарт ажлын их ачааллыг бий болгосон. Өөрөөр хэлбэл хичээлийн хөтөлбөрийн дагуу цахим хичээлдээ бэлтгэх, заах, оюутнуудтайгаа эргэх холбоотойгоор хариулт, зөвлөгөө өгөх зэргээр танхимаар ордог хичээлээс хоёр дахин илүү цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсаныг дурдах нь зүйтэй. Түүнчлэн оюутнууд ч гэсэн өдөрт компьютерийн ард олон цагаар хөдөлгөөнгүй сууж хичээллэсэн тул багш нар хичээлээ сонирхолтой, интерактив байлгах нь зайлшгүй юм.
Цахим сургалт салбар, чиглэл бүрд харилцан адилгүй үр дүнтэй байна. Гадаад хэлний хичээлүүдэд цахим сургалт хэрхэн нөлөөлж байгаа бол?
– Онлайн сургалтаар гадаад хэлийг сурахад оюутан бүр өөр өөрийн арга барилтай байдаг. Зарим нь ганцаараа төвлөрөн судлах дуртай байдаг бол зарим нь багаараа ажиллахыг илүүд үздэг. Аливаа гадаад хэлийг сайн сурах, сургах үйл ажиллагаа нь нэлээд удаан хугацааны явц байдаг бөгөөд суралцагчаас өдөр бүрийн хичээл, дадлага хийхийг шаарддаг онцлогтой. Англи хэлийг энгийн хэрэглээ бус ахисан шатны академик түвшинд бичиж, унших, харилцах чадварыг алхам алхмаар, системтэй сурах, сургах хэрэгцээ шаардлага байгаа тул чадвар тус бүрээр хичээлийн чанарт анхааран, сайжруулах тал дээр багш нар төвлөрөн ажиллаж байна. Академик англи хэлийг сонгон судалснаар МУИС-ийн оюутнуудад гадаадын их дээд сургуулиудад богино болон урт хугацаагаар суралцах (оюутан солилцоо, 2+2 хөтөлбөр), эрдэм шинжилгээ, судалгаа хийх боломжууд нэмэгдэж оюутнууд англи хэлний олон улсын шалгалтуудыг амжилттай өгч, тухайн сургуулиудын шаардаж буй онооны болзлыг хангахын тулд шалгалтад бэлтгэх, авсан оноогоо ахиулах боломжийг олж авч байна. Оюутнуудын бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэхэд төрөл бүрийн сэдвүүдээр илтгэл тавиулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, академик түвшинд санаагаа алдаагүй бичих дадал олгоход цахим хичээл харин ч үр дүн, ололттой байлаа. Хэл сурна гэдэг насан туршийн хичээл байдаг. Хичээлийн үнэлгээтэй холбоотойгоор оюутнууд тухайн хичээлийг судлан багшийн илгээсэн даалгаврыг гүйцэтгэж, лекц, семинар болон даалгаврын хүрээнд багшаас асууж тодруулах, эргэх холбоотой ажиллах нь хичээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд харилцан нөлөөлж байна. Онлайн сургалт нь эерэг, сөрөг талуудтай. Оюутнууд хүссэн газраасаа тав тухтай хичээллэх, бичлэг хийх, архивлах, бусдад хуваалцах боломжтой бөгөөд цахим сургалтын хамгийн давуу тал нь оюутны санхүүгийн зардлыг бууруулж, орон байрны түрээс, хоол, унааны зардлыг хэмнэх явдал юм. Суралцахуйн үйл ажиллагаанд шаардлагатай компьютер, интернэтийн хүртээмжтэй байдал оюутан тус бүрд харилцан адилгүй байсны улмаас хичээлийн агуулгаас хоцрох, хичээлд оролцож чадахгүй байх зэрэг асуудлуудын шийдэл болгож багш нар Zoom, Skype зэргээр нэмэлт тайлбар хийх, ялангуяа ахисан түвшний оюутнуудын бичих ур чадварыг сайжруулахад Google docs файл хуваалцан ажиллах боломжийг бүрдүүлсэн.
Цахим сургалт үр дүн багатай байна гэсэн шүүмжлэл цахим орчинд яригдах боллоо. Энэ тухайд таны бодол?
– Цахим хичээл нь багш, суралцагчийн хамтын ажиллагаа бөгөөд оюутны суралцах хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл чухал үүрэгтэй. Оюутнуудын онлайнаар сурахад тулгарч байсан хамгийн том бэрхшээл нь интернэтийн хүртээмж, ном сурах бичгийн хангамжийн асуудал байсан нь зарим оюутныг бухимдахад хүргэж, тухайлбал нийгэм, эдийн засгийн болоод тэдний сэтгэл ханамжийн байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн гэж үзэж байна. Хөл хорионы үед дэлхий дахин, улс орон, айл өрх бүрийн санхүүгийн байдал хүндэрч байгаа боловч гарцыг хайх, шийдлийг олох, сэтгэлгээ хандлагаа өөрчлөх цаг болсныг бэлхнээ харуулж байна. Дэлгүүрээс сүү, талх, мах авахдаа үнэ нь нэмэгдсэн байна гээд хоосон гарахгүйтэй адил нэгэнт зорьсон зорилгодоо хүрэхийн тулд судалгаагүй, ул үндэсгүй, хоосон хийрхлийг дагалдахын оронд үнэн бодитой байдлыг эрүүл ухаанаар эргэцүүлэн тунгаах чадвар Монголын ирээдүйг өөрчлөх МУИС-аар овоглосон залууст маань байгаа гэдэгт итгэж байна. Багш, оюутан харилцан хариуцлагатай байж, энэ хүнд хэцүү нөхцөлийг даван туулах сорилт тулгарч байгааг бид ойлгох ёстой.
Танд баярлалаа.