Эмгэнэл | Сүрэнгийн Мөөмөө /1930-2021/

Share Button

ЭМГЭНЭЛ

СҮРЭНГИЙН МӨӨМӨӨ

/1930-2021/

МУИС-ийн ахмад багш, Монгол Улсын Гавьяат багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сүрэнгийн Мөөмөө 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр өвчний учир таалал төгслөө.  

С.Мөөмөө нь 1930 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт Сүрэнгийн 8 хүүхдийн гуравдахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрбээр эцэг эхийн дэргэд бага насаа өнгөрөөж, 1940-1944 Улаангомын бага сургуульд сурч, 1944-1948 онд Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх техникумд элсэж суралцан багш мэргэжил эзэмшсэн байна. Улмаар Увс аймгийн Улаангомын ерөнхий боловсролын дунд сургуульд 5 жил ажиллаад 1953-1957 онд МУИС-ийн Хэл бичгийн салбарт орж монгол хэл, уран зохиолын багшийн ангид суралцан төгсөж, 1957-1969 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1969-1973 онд БНПАУ-ын Варшавын Их Сургуульд монгол хэлний багш, 1976 онд Францын Нантерийн Их Сургуульд багш, 1978-1980 онд Японы Осакагийн Гадаад Судлалын Их Сургуульд зочин профессороор тус тус уригдан ажиллажээ. 1980 оноос МУИС-ийн Хэл шинжлэлийн тэнхимд багш, эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна.  

С.Мөөмөө нь орчин цагийн монгол хэлний авиа зүй, зөв бичихзүйн асуудлыг мэргэшин судалж 1970 онд тухайн үеийн нэрээр ЗХУ-ын Ленинградын Улсын Их Сургуулийн Л.Щербийн нэрэмжит туршилт авиазүйн лабораторид “Орчин цагийн монгол хэлний фонемын систем” сэдэвт бүтээлээрээ дэд докторын зэргийг, мөн сэдвийг үргэлжлүүлэн 1984 онд БНАГУ-ын В.Гумбольдтын Их Сургуульд “Хэлэхүйн соёл ба орчин цагийн монгол хэлний аялгын тогтолцоо” сэдэвт бүтээлээрээ докторын зэргийг тус тус хамгаалжээ. Уул сэдвийнхээ хүрээнд эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисны дотор монгол хэлний авиаг туршилтын аргаар судалсан үр дүндээ тулгуурлан бичсэн “Орчин цагийн монгол хэлний авиазүй” бүтээл нь монгол хэлний авиазүйн судалгааны шинэ чиглэлийн түүчээ бүтээл болсон билээ. Монгол хэлний авиалбарын бүрэлдэхүүн, тогтолцоог сонсолзүйн үүднээс тогтоож байсныг анх удаа соронзон бичлэгийн аргаар судлан гаргаж, мөн монгол хэлшинжлэлд “и” эгшгийн нугарал хэмээн үзэж байсан үзэгдлийг авианы ижилсэх үзэгдлийн хүрээний асуудал болохыг тогтоон, тагнайшсан гийгүүлэгч фонемын үүрэгтэй хэмээн үзсэн зэрэг олон шинэ саналыг дэвшүүлсэн юм. Түүнчлэн монгол хэлний хамгийн бага судлагдаад байсан хөг, аялгыг тусгайлан авч үзэж, энэ нь зөвхөн авиазүйн хүрээний асуудал бус харин өгүүлбэр, эхтэй холбоотой болохыг монгол хэлний баримт дээр судлан тогтоожээ. Түүний эрдэм шинжилгээний ажлын өөр нэгэн чиглэл нь ерөнхий хэлшинжлэлийн асуудал бөгөөд өөрийн ажиллаж буй цаг үеийнхээ хэлшинжлэлийн ололт, амжилтыг монгол хэлшинжлэлийн салбарт нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд цөөнгүй бүтээлээ зориулсан юм.  

Шинжлэх ухааны байгууллагууд түүний эрдэм шинжилгээний ажлын туршлага, хэлшинжлэлийн онолын мэдлэг, сурган хүмүүжүүлэх чадварыг үнэлэн 1993-2001 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Улаанбаатар Их Сургуульд Ази судлалын факультетийн декан, 2004 оноос МУИС-д багш, тэргүүлэх профессороор тус тус урин ажиллуулж байсан билээ. Тэрбээр 1982 онд доцент, 1995 онд профессор цол хүртжээ. 

Монголын төр С.Мөөмөөгийн монгол хэлшинжлэлийн салбар ухааныг хөгжүүлэх, заан сургах үйлсэд оруулсан ажил үйлийг үнэлэн 2000 онд Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан, 2003 онд Алтан гадас одон, 2008 онд Монгол Улсын Гавьяат багш цолоор тус тус шагнасан юм.  

МУИС-ийн ахмад багш, Монгол Улсын Гавьяат багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Мөөмөөгийн гэгээн дүр, эрдэм судлалын үйлсийг МУИС-ийн хамт олон санан дурссаар байх болно. 

 

Д.Заяабаатар, П.Дэлгэржаргал, Б.Түвшинтөгс 

Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар