Монголын археологичид тухайн жилд хийсэн хайгуул, малтлага судалгааны ажлаа тайлагнаж хэлэлцдэг уламжлал тогтоод 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ удаагийн “Монголын археологи-2021” эрдэм шинжилгээний ээлжит хурлыг МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Антропологи, Археологийн тэнхим, Археологийн судалгааны төвөөс “Монголын археологичдын холбоо”-той хамтран зохион байгуулж байна. Хурал 2021 оны 12-р сарын 15, 16-ны өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн байрны 502 тоот хурлын танхимд болох бөгөөд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, ШУТИС, Улаанбаатарын их сургууль, Соёлын өвийн үндэсний төв зэрэг 12 байгууллагын 100 гаруй судлаачийн 46 илтгэлийг хэлэлцэх юм.
2021 онд Монгол Улсын хувьд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээрээ үргэлжилсэн хэдий ч археологийн салбарын байгууллага, эрдэмтэн судлаачид өөрсдийн нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, судалгаа шинжилгээний ажлаа тасалдуулалгүй амжилттай хийж чаджээ. Үүний дотроос, Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын улаан хошууны Хүннү булшны эмээл, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутгаас олдсон афанасьев хэлбэрийн вааран сав, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг Хар нуурын хэрмийн оруулмал оршуулга, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн шинэ судалгаа, Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны малтлага зэрэг олон сонирхолтой судалгааны ажил, олдворуудыг дурдаж болно. Мөн тус хуралд “Археологийн судалгаанд гурван хэмжээст тоон загварыг ашиглах боломж, товч үр дүн”, “Хар балгасын Ордон хотын худгийн олдворуудад хийсэн материал судлал, хадгалалт хамгаалалтын ажлын үр дүн”, “Эрс тэс уур амьсгал дахь ханын зургийн консервац: Шороон Бумбагар бунхны ханын зурагт үүссэн гэмтлийн асуудалд” зэрэг соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын сэдвээр асуудал дэвшүүлсэн илтгэлүүд хэлэлцэгдэж байгаа нь манай орны эртний судлалын салбар цар хүрээгээ өргөжүүлэн тэлж, шинэ шинэ судалгааны аргазүй, аргачлалыг нэвтрүүлж байгаагийн илрэл болж байна.