Олон улсын ойн өдөрт зориулсан “Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

Share Button

 

Зохион байгуулагчид

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдөр “Олон улсын ойн өдөр”-ийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2022 онд дэлхий дахинд энэ өдрийг “Хүн төрөлхтөн, эх дэлхийн сайн сайхны төлөөх ойн тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ” уриан дор тэмдэглэж байна.

Олон улсын ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсад Ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуулиудад суралцаж буй бакалаврын болон ахисан түвшний оюутныг хамруулан зохион байгуулдаг “Оройн нахиа” Оюутны Эрдэм Шинжилгээний хурлыг 2015 оноос эхлэн зохион байгуулж шилдэг илтгэлүүдийг шалгаруулж ирсэн.

Уг хурлын зорилго нь оюутнуудын судалгаа шинжилгээний ажлын ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг арга зүй эзэмших, судалгаа шинжилгээний ажилд оюутан залуусыг өргөнөөр хамруулах боломжийг олгоход орших бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хурлыг уламжлал болгон нийт 8 удаа зохион байгуулж, МУИС, ШУТИС, ХААИС, ОУУБИС-ийн 133 оюутны Монгол орны ойн өнөөгийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийн ойн экосистемд үзүүлж буй нөлөө, ойн хомсдол, доройтлыг бууруулах, ойн үрийн аж ахуй, ойжуулалт, ойн нөхөн сэргээх технологийг боловсронгуй болгох чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн байна.

Энэ удаагийн “Оройн нахиа” эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БОАЖЯ, Ногоон хэрэм төсөл болон МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль хамтран зохион байгуулж, МУИС, ШУТИС, ХААИС болон ОУУБИС-ийн бакалаврын болон ахисан түвшний 28 оюутан өөрийн судалгааны ажлын үр дүнг аман илтгэл болон ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хурлын шалгарсан илтгэлүүд

Байр Илтгэгч Илтгэлийн сэдэв

Бакалаварын түвшин

1 Тэргүүн байр Г.Содбаяр /МУИС/ Таримал ойн өсөлтөнд сийрүүлэлтийн үзүүлэх нөлөө
2 Дэд байр Ё.Гантөгс   /МУИС Баруун хэнтийн байгалийн нарсан ойн (Pinus sylvestris L.) сэргэн ургалтанд огтлолын эрчмийн үзүүлэх нөлөө
3 Гутгаар байр Э.Насанжаргал /ХААИС/ “Загийн үрийг бортогонд ургуулсан судалгааны дүн”

Ахисан түвшин

1 Тэргүүн байр Д.Солонго /МУИС/ Таримал нарсан (Pinus sylvestris.L) ойн өсөлтөнд уур амьсгалын үзүүлэх нөлөө
2 Дэд байр А.Цээпил   /МУИС/ Хуурай хээрийн бүсэд мод тарьснаар хөрсний нүүрстөгрөгчийн нөөцөд үзүүлж буй нөлөөлөл
3 Гутгаар байр Л.Сарангуа /МУИС/ Говийн бүсэд тарималжуулсан модлог ургамлын өсөлт болон биомассын хуримтлалд усалгааны үзүүлэх нөлөө

Ханын илтгэл

1 Тэргүүн байр Б.Отгонсайхан /МУИС/ Улаанбаатар хотын нөхцөлд ургаж буй зарим зүйл модлог ургамлын морфо-физиологийн үзүүлэлтүүд
2 Дэд байр Х.Сансартуул   /ОУУБИС/ Хадсан өвсийг дахин боловсруулж ашиглах нь
3 Гутгаар байр Д.Одгариг /ХААИС/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын заган ойн зохион байгуулалт

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар