МУИС-ийн стратегийн төлөвлөгөөнд туссан “дэлхийн шилдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллах” зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж Японы Кюүшүгийн технологийн дээд сургуультай хамтран ажиллах санамж бичиг, оюутан солилцооны гэрээ байгууллаа.
Кюүшүгийн технологийн дээд сургууль (九州工業大学, https://www.kyutech.ac.jp/) нь 1907 онд байгуулагдсан байгалийн ухаан, техник, технологи, инженерчлэл, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг, QS 2022 дэлхийн их сургуулиудын эрэмбээр 801-д жагссан, технологийн чиглэлээр улсдаа тэргүүлэх дээд боловсролын байгууллагуудын нэг юм. Тус их сургууль нь Япон улсын өмнөд хэсгийн Фүкүока мужид байрладаг 5 бүрэлдэхүүн сургууль, 17 судалгааны хүрээлэн, төвүүдтэй.
МУИС тус сургуультай байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2015-2019 онуудад Мазаалай хиймэл дагуулын төсөл хамтран хэрэгжүүлсэн. Мянган инженер төслийн хүрээнд 2015 оноос Чадлын электроникийн судалгаа хамтарсан төсөл, Сансрын инженерчлэл ба хэрэглээ хамтарсан төсөл хэрэгжүүлж, МУИС-ийн 2 доктор, 2 магистр тус сургуульд зэрэг хамгаалсан. Мөн 2019 оны 1 дүгээр сард “Хагас дамжуулагч төхөөрөмж” сэдвээр 2 өдөр зохион байгуулсан цахим сургалтад ШУС ба ХШУИС-ийн оюутнууд оролцсон; 2019 оны 8, 11 дүгээр саруудад “Байгаль-инженерчлэл” богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлсэн; БСШУСЯ-ийн ШУТГ, МУИС ба Японы сансрын агентлаг JAXA, JAMSS байгууллага, Кюүшүгийн Технологийн Институт, МОСТХ байгууллагатай хамтран зохион байгуулсан “Сансрын технологи ба хэрэглээ” сэдвээр 30 хүнд сертификат олгосон зэрэг зэргийн бус сургалтуудыг зохион байгуулж, МУИС-ийн багш, оюутнууд оролцсон.
Мөн тус сургуулийн Дараа үеийн чадлын электроникийн судалгааны төв, Сансрын орчин ба хөлгийн харилцан үйлчлэл судлалын лабораториудтай МУИС-ийн ШУС-ийн Нано Хиймэл Дагуул Хөгжүүлэлтийн лаборатори, ХШУИС-ийн Чадлын Электроникийн Лабораториуд хамтран ажиллаж, хамтарсан судалгаа хийдэг. Сүүлийн жилүүдэд импакт фактортой сэтгүүлд хоёр өгүүлэл хамтран хэвлүүлсэн.
Шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус сургуультай багш, судлаач, оюутан, судалгааны мэдээ материал солилцох; хамтарсан судалгаа, сургалт, хурал, семинар зохион байгуулах; тэдгээрт оролцох; хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх; жилд 5 хүртэлх оюутан солилцох зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС