МУИС-ийн профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит Электроникийн Улсын XVIII олимпиад боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсан түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн зүгээс тус ойг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Электроникийн Улсын XVIII Олимпиад бөгөөд олимпиадыг МУИС-ийн профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаар онцлог болж байна.

Профессор Э.Дамдинсүрэн нь 1967 онд МУИС-ийн физикч, физикийн багш мэргэжлээр суралцаж төгсөөд улмаар 1983 онд Физик математикийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. 1967 оноос МУИС-д багшилж эхэлснээсээ хойш физик, математик, цаг уур, хими, биологи, холбооны инженер, электроник, компьютерийн болон сүлжээний инженер, мэдээллийн технологийн мэргэжлийн салбаруудад ерөнхий физик, радиофизик, цахилгаан техник, электроникийн үндэс, цахилгаан хэлхээний онол, импульсийн техник, аналог электроник, электрон тэжээл зэрэг 20-иод төрлийн хичээлүүдийг зааж, цахилгаан соронзонгийн лаборатори, радио физикийн лаборатори, электроникийн лабораториудыг байгуулсан нь өнөөдөр сургалтад ашиглагдан энэ салбарын олон зуун мэргэжилтнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа манай нэртэй эрдэмтэн билээ. Мөн тэрээр оюутан сурагчдад зориулсан 20-иод сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн бөгөөд “Электроникийн үндэс” хичээлийн лекц ба лабораторийн хичээлийн гарын авлага, “Аналоги электроник”, “Цахилгаан соронзон”, “Физик хэмжилт”, “Осциллографаар хийх хэмжилтүүд”, “Цахилгаан соронзонгийн туршилтууд” зэрэг номууд нь электроникийн чиглэлийн үндэсний хэмжээний анхны сурах бичгүүд болсон юм. Электроникийн салбарын нэрт эрдэмтний нэрэмжит олимпиадыг 2022 оны 05 сарын 07, 08 ны өдрүүдэд МУИС дээр амжилттай зохион байгууллаа.

Олимпиадын нээлтээр профессор Э.Дамдинсүрэн Mонголд электроникийн мэргэжил үүсэн хөгжиж өнөө үе хүрсэн тухай сонирхолтой илтгэлийг тавьж, оюутан залууст урам өгч, амжилт хүссэн юм.

Эхний өдөр буюу 5 дугаар сарын 7-ны өдөр бодлогын тэмцээн болон оюутны эрдэм шинжилгээний илтгэл, хоёр дахь өдөр дадлагын даалгавар тус тус зохион байгуулагдлаа.

Электроникийн Улсын XVIII Олимпиадад

  1. МУИС-ХШУИС 2 баг
  2. ШУТИС-МХТС 2 баг
  3. ШУТИС-ЭХС 1 баг
  4. ШУТИС-МТС 1 баг
  5. ШУТИС-Эрдэнэт Цогцолбор Дээд Сургууль 1 баг
  6. ҮБХИС, Аюулгүй байдлын дээд сургууль 1 баг
  7. Төрийн өмчит УБИС 1 баг
  8. ШМТДС 1 баг
  9. ШМТК 1 баг
  10. Монгол Коосэн Технологийн коллеж 1 багийн 17 багш, 73 оюутан оролцсоноос багийн гишүүдийн нийлбэр оноогоор МУИС-ХШУИС-ийн Б.Алтанцоож багштай МУИС-1 баг түрүүлэн шилжин явах цомын эзэд боллоо.

Олимпиадын ганцаарчилсан төрлийн шагналт байруудад:

  1. Бодлогын тэмцээнд 60 оюутан амжилттай оролцсоноос
  • 1-р байр МУИС Х.Тэнгисболд
  • 2-р байр МУИС Г.Дашням
  • 3-р байр ШМТК Э.Батцэнгэл
  • Тусгай байр ШМТК Э.Наянтай
  • Тусгай байр ШМТДС Д.Сүхбат
  1. Оюутны Эрдэм Шинжилгээний илтгэлд 16 бүтээлийн 15 оюутан өөрсдийн дэвшүүлсэн санаа, шийдэл  бүтээлүүдээ илтгэн
  • 1-р байр ШМТДС Б.Ган-Эрдэнэ – “Газар хөдлөлтийн симуляцийн нэг тэнхлэгт сэгсрэх ширээний дизайн ба хөгжүүлэлт” сэдэвт илтгэл
  • 2-р байр МУИС Г.Хүслэн – “Лийп моүшн ашиглан робот гарын хөдөлгөөн удирдах нь” сэдэвт илтгэл
  • 3-р байр ШУТИС-МХТС – “Хөдөлгөөнт роботын замыг виртуал талбарын аргаар загварчлах нь” сэдэвт илтгэл шагналт байранд шалгарлаа.

Олимпиадын 2 дахь өдөр багаар оролцох дадлагын тэмцээн Аналог хэлхээ угсарч, Proteus дээр симуляц хийж PLC програмчлах тэмцээнд 12 багийн 60 оюутан тус тус оролцсоноос

  • 1-р байр МУИС – 1 баг
  • 2-р байр МУИС – 2 баг
  • 3-р байр ШМТДС  баг тус тус  өөрсдийн хичээл зүтгэл, сурсан мэдлэгээрээ уралдан шалгарлаа.

Олимпиадад амжилттай оролцсон нийт багш, оюутнуудад баяр хүргэж цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Олимпиадын ивээн  тэтгэгчээр ажилласан Micro Seismic LLC, Neukraft LLC, Enlight LLC, Digital system LLC, M electronics, AILab LLC-ын хамт олон болон төгсөгч Э.Батмөнх, М.Эрхэмбаяр, Н.Мөнхбаатар нартаа баярласанаа илэрхийлж та бүхний ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Инженерчлэлийн хэт цахиваас

Хөгжлийн гал бадармой

Шилжин явах цомын эзэд болсон Б.Алтанцоож багштай МУИС-ийн баг

Б. Энх-Амгалан багштай ШМТДС-ийн баг

Электроникийн Улсын XVIII Олимпиадын нийт оролцогч, зохион байгуулагч, ивээн тэтгэгч болон зочид төлөөлөгчид

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар