Туркийн их сургуулиудтай хамтран ажиллах гэрээг сунгалаа

Share Button

МУИС-ийн стратегийн төлөвлөгөөнд туссан “дэлхийн шилдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллах” болон “Монгол судлалыг хөгжүүлэх” зорилтын хүрээнд БНТУ-ын тэргүүлэх их сургуулиуд болох Анкара их сургууль болон Ататурк их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгууллаа.

Туркийн нийслэл Анкара хотод байрладаг, төрийн өмчит Анкара их сургуультай (Ankara University) МУИС 1999 онд анх байгуулсан хүмүүнлэгийн ухаан, тэр дундаа түрэг судлалын салбарт хамтран ажиллах протоколын хүрээнд хамтран ажиллаж ирсэн. Тус сургуулийг 1946 онд БНТУ-ын анхдугаар ерөнхийлөгч Мустафа Ататуркийн санаачилгаар байгуулсан бөгөөд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, анагаах ухаан, инженерчлэлийн салбарын өргөн хүрээнд сургалт, судалгаа эрхэлдэг судалгааны их сургууль юм. 2022 оны байдлаар тус сургуульд бакалаврын 120, ахисан түвшний 110 хөтөлбөрт нийт 67,000 оюутан суралцаж байна. Тус сургуультай шинээр байгуулсан хамтын ажиллагааны протоколын хүрээнд нийгэм, хүмүүнлэгийн ухаанаас гадна байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлд өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болж, олон улсын харилцаа, олон улсын худалдаа, хуулийн чиглэлд хамтарсан судалгаа, хурал, семинар зохион байгуулахаар тохиролцов.

Туркийн зүүн хэсэгт орших Эрзурум хотод байрладаг, төрийн өмчит Ататурк их сургуультай (Atatürk University) МУИС анх 1994 онд Монгол, Турк хэлний чиглэлд хамтран ажиллахаар харилцаа тогтоож, 2011 онд мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Мөн Туркийн засгийн газрын тэтгэлэгтэй Мевлана оюутан солилцооны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байсан. Тиймээс өмнөх хамтын ажиллагааг сэргээх зорилгоор 2022 оны 2 дугаар сарын 17-нд тус сургуулийн гадаад харилцаа хариуцсан дэд захирал Мустафа Сөзбилир (Mustafa Sözbilir), Гадаад харилцааны газрын дарга Ташкин Озтак (Taskin Oztak), Турк судлалын ахисан түвшний сургуулийн захирал Осман Мерт (Osman MERT) нартай ШУС-ийн захирал Д.Заяабаатар, ШУС-ийн ХУС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Ш.Эгшиг, тус тэнхимийн профессор Ц.Баттулга болон ХАХ-ийн төлөөлөл цахим уулзалт хийж хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулахаар тохиролцсон. Үүний дагуу шинжлэх ухааны өргөн салбаруудын хүрээнд хамтран ажиллах, хамтарсан судалгаа, сургалт зохион байгуулах, дэмжих, ахисан түвшний оюутан хамтарч удирдах, багш, оюутан, судалгааны материал солилцох заалттай санамж бичиг шинэчлэн байгууллаа.

Мөн уг хамтын ажиллагааны санамж бичиг, протоколуудыг шинэчлэн байгуулах үеэр Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал С.Должин Туркийн тэргүүлэх их сургуулиуд болох Истанбул их сургууль (Istanbul University) болон Анкара Хачи Байрам Вели их сургуулиудад (Ankara Haci Bayram Veli University) зочилж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан судалгаа хийх, Европын холбооны санхүүжилттэй Эрасмус+ төсөл, солилцооны хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах, Туркийн Засгийн газрын санхүүжилттэй Мевлана багш, оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тус сургуулиудын удирдлагуудтай уулзав.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар