ШУА-ийн ХХТХ, МУИС, ШУТИС, МУБИС, Химийн нийгэмлэгүүд хамтран “ХИМИ-2022” ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРАЛ-ыг 2022 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд МУИС-ийн номын сангийн байранд амжилттай зохион байгууллаа.
“ХИМИ-2022” анхдугаар үндэсний эрдэм шинжилгээний хурал гэсэн утгаараа өргөн хүрээнд зохион байгуулагдаж, 14 их, дээд сургууль, 15 эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, 7 ерөнхий боловсролын сургууль, 3 яам, 5 агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар 3, хувийн хэвшлийн 19 аж ахуйн нэгж, нийт 66 байгууллагын 230 гаруй төлөөлөл оролцлоо.
Энэ хурлын бас нэг онцлог нь Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 80 жил, Химийн салбарын 70, 71 жилийн ойн баярт зориулан таван салбар хуралдаан бүрээс нэг шилдэг аман илтгэл шалгаруулан Химийн тэнхимийн нэрэмжит батламж, мөнгөн шагналаар урамшуулсан юм. Үүнд:
- Ачит-Ихт ХХК, Ж.Эрдэнэчимэг “Катодын зэсийн үйлдвэрийн уусмалаас зэсийн ионыг хандлагч урвалжийн агуулгыг оновчлох судалгаа”
- ШУА-ийн ХХТХүрээлэн, доктор О.Сарангэрэл “Өмхий шимэлдгийн хандны хоруу чанар, архины бус шалтгаант элэгний өөхжилт үрэвсэлд үзүүлэх нөлөө”
- МУИС, ШУС, доктор, дэд профессор Г.Оюунбилэг “ПЭМТЭ-д зориулсан нүүрстөрөгчийн зөөгч биеттэй цагаан алтан катализаторын идэвх”
- ОБЕГ, доктор, дэд профессор, дэд хурандаа В.Батсайхан “АВС ангиллын гал унтраагч шинэчилсэн нунтгийн физик, химийн шинж чанарын судалгаа”
- Шинэ Монгол ТДС, Д.Баттөгс “Физик хими хичээлийн хөтөлбөрт идэвхтэй сургалтын аргыг хэрэглэх нь” сэдвээр тус бүр шалгарч, Химийн тэнхимийн нэрэмжит батламжийн эзэд боллоо.
Жил бүр өргөжин тэлж, цар хүрээ шалгуураа нэмэгдүүлж буй энэхүү эрдэм шинжилгээний хурал нь шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх томоохон талбар болж байгаа бөгөөд “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд химичдийн оролцоо, химийн шинжлэх ухаан хамгийн чухал үүрэгтэйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан онцоллоо.
МУИС, ШУС, БУС, Химийн тэнхим