МУИС-ийн Ази судлалын тэнхимээс санаачлан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкигийн “Япон-Монголын дипломат харилцаа үүсэж хөгжсөн 50 жилийн түүх ба хэтийн төлөв” хүндэтгэлийн лекцийг 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээг МУИС үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой, Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан юм.
Хүндэтгэлийн лекцэд сургуулийн удирдлагын төлөөлөл, тус тэнхимийн багш нар, япон судлаачид, япон хэл, соёлоор мэргэшиж буй Ази судлалын тэнхимийн япон хэлний орчуулга, япон хэл, орон судлал хөтөлбөрийн оюутнууд, төгсөгчид, ерөнхий суурийн хичээлээр япон хэл судалж буй оюутнууд, Японы эрх зүйн боловсролын төвийн япон хэлний багш нар, нийт 150 гаруй хүн хамрагдлаа.
Лекц нээлт, үндсэн хэсэг, асуулт хариулт, хаалт гэсэн хэсгээс бүрдсэн бөгөөд нээлтийн үгийг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор, профессор Д.Бадарч хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Их Сургуульд 1975 оноос япон хэл зааж эхэлсэн түүхтэй бөгөөд эдүгээ хүртэл 47 жилийн хугацаанд бэлдсэн япон хэлтэй 1000 гаруй мэргэжилтэн нь Монгол Улс, Япон Улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгт гүнээ итгэж байна” хэмээн онцлов.
Лекцийн үндсэн хэсэгт Элчин сайд Кобаяши Хироюки Япон-Монголын дипломат харилцаа үүсэж хөгжсөн 50 жилийн түүх ба хэтийн төлөвийн талаар илтгэхийн зэрэгцээ оюутан, төгсөгчдөөс авсан саналын дагуу Монголын аялал жуулчлалд үзэгдэх дутагдалтай тал, Япон Улсын туршлагаас суралцах боломжийн талаар ярьсан нь сонсогчдын анхаарлыг ихэд татаж байсан юм.
Уг лекцийг зохион байгуулснаар Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөн 50 жилийн түүх болон хэтийн төлөвийн талаар япон хэл, соёл судалж буй оюутнуудын мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулсан төдийгүй цаашид хоёр орны харилцааны гүүр нь болж ажиллах япон хэлтэй залуучуудын сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжиж, улмаар хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа хэмээн багш, судлаачид дүгнэлээ.