“Өглөөний марафон 3” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Share Button

Үйл ажиллагааны зорилго: Оюутнуудад амьдралын зөв хэв маягийг (Тогтмол цагт унтах сэрэх, дасгал хөдөлгөөн хийх дадал болгож үр бүтээмжийг дээшлүүлэх, танилын хүрээгээ тэлж бусдаасаа суралцах боломжийг олгох, оюутнуудын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх

Хугацаа: 2022.04.03-2022.04.23

Хамрах хүрээ: МУИС-ийн бакалаврын түвшний суралцагчид

Төсөв: МУИС, ОХТ-өөс клубүүдэд олгох төсөвт үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулав.

Үйл ажиллагааг зохион байгуулсан: МУИС-ОХТ , NUM VOLUNTEER CLUB

Үйл ажиллагааны удирдамж:  Хавсралт

Үйл ажиллагааны тайлан: “ӨГЛӨӨНИЙ МАРАФОН 3 тэмцээний удирдамж МУИС-н ОХТ болон NUM VOLUNTEER фейсбүүк хуудсаар дамжин зарлагдсан бөгөөд  МУИС-ийн бакалаврын түвшний 63 оюутан бүртгүүлэв.

Уг тэмцээн нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ний өдөр 21 багийн 63 оролцогчтойгоор амжилттай эхэлсэн.

1 дүгээр долоо хоног:

Багуудад өдөр бүр гүйцэтгэх даалгаврын зааварчилгааг өгч тэмцээний ач холбогдлыг ойлгуулах, багуудыг идэвхтэй байхад анхаарал хандуулан ажиллаж урмын үгтэй постер оруулж байв. Тэмцээний даалгаврын оноо дүгнэх журамд гарсан оролцогчдын санал гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэн ажилласан. Тухайлбал идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх даалгаварт энгийн алхалтыг оруулж тооцохдоо даалгавраас авах боломжит онооны хагасаар тооцохоор болгосон. Энэхүү шийдвэр нь биеийн байдлын улмаас идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй оролцогчдод уралдаанаа үргэлжлүүлэхэд дэмжлэг болсон.

Оролцогчид даалгаврын гүйцэтгэлээ тухайн өдрийн бүртгэл хариуцсан зохион байгуулагчийн “Өглөөний марафон 3” хаалттай фейсбүүк группэд оруулсан постын сэтгэгдэл хэсэгт оруулж байсан бөгөөд сэтгэгдэл үлдээх хэсгийг тодорхой хугацааны дараа хааснаар оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг хянах боломжтой байсан.

Тус хоногт өдөр бүр дараах 5 даалгаврыг гүйцэтгэж байсан.Үүнд:                                      

  • 1-р даалгавар буюу өглөө эрт босох
  • 2-р даалгавар буюу 6:30-с өмнө өдрийн төлөвлөгөөгөө гаргах
  • 3-р даалгавар буюу дасгал хөдөлгөөн хийх
  • 4-р даалгавар буюу өдрийн төлөвлөгөөний хэрэгжилтээ шалгуулах
  • 5-р даалгавар буюу тухайн өдөр сайхан сэтгэгдэл төрүүлсэн 3 зүйлээ хуваалцах /нийт 9оноо/

Мөн тус тэмцээний долоо хоногт нэг удаа гүйцэтгэх онцгой даалгаварт “Ирээдүйн өөртөө зориулж захидал бичих” даалгавар байсан бөгөөд захидлыг “Num Volunteer” клубийн mail хаягаар хүлээн авч зохион байгуулагчдын зүгээс тодорхой хугацааны дараа ил захидал болгон хүргэж өгөхөөр болов.

Нээлтийн үйл ажиллагаа: 04.09-ны ням гарагт тэмцээний нээлтийн үйл ажиллагааг МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн 502 тоотод зохион байгуулсан. Нээлтэд уралдааны оролцогчид, зохион байгуулагчид, “NUM VOLUNTEER” клубийн тэргүүн Н. Долгорсүрэн болон урилгаар МУИС-н Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр, МУИС-н Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В.Дашдаваа, МУИС-н ШУС-БУС-н Биологийн тэнхимийн ахлах багш Г. Оюундэлгэр нар оролцов. Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В.Дашдаваа нээлтийн үг хэлэн эхлүүлж, зочин илтгэгч Г. Оюундэлгэр багш оролцогчдод “Эрүүл зөв хооллолт”-н сургалт оров. Үйл ажиллагааны дунд хэсэгт нийт оролцогч оюутнуудад өөрсдийн хийсэн номын хавчуурга, урмын үгтэй ил захидал өгөв. Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд МУИС-н Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр хоёрдугаар шатанд тэнцсэн 12 багийн 36 оролцогч оюутнуудад амжилт хүсэв.

 

2 дугаар долоо хоног: Тус хоногт өдөр бүр дараах  даалгаврыг гүйцэтгэж байсан.Үүнд:

  • 1-р даалгавар буюу өглөө эрт босох
  • 2-р даалгавар буюу 6:30-с өмнө өдрийн төлөвлөгөөгөө гаргах
  • 3-р даалгавар буюу эрүүл зөв хооллох
  • 4-р даалгавар буюу дасгал хөдөлгөөн хийх
  • 5-р даалгавар буюу өдрийн төлөвлөгөөний хэрэгжилтээ шалгуулах
  • 6-р даалгавар буюу 1 сонирхолтой шинэ мэдээллийг бусад оролцогчдод хуваалцах гэсэн даалгаврууд хийж гүйцэтгэсэн байгаа.

Хоёрдугаар долоо хоногт оролцогчид даалгавраа гүйцэтгэхэд хүндрэлгүй болж, дадал тогтож эхэлж байгаагаа хэлж байсан ба тэмцээний дараа ч энэ байдлаа үргэлжлүүлнэ гэсэн урам зоригтой байсан юм. Хоёрдугаар долоо хоногт нэмэгдсэн даалгавар болох эрүүл зөв хооллолтын даалгавар нь хүн өдөрт хэрэгцээт шим тэжээлтэй, амин дэмтэй хоол хүнс идэж түүн дээрээ тулгуурлаад орц найрлага бүрийн нүүрс ус, өөх тос, уураг, шим тэжээлийг тооцож сурах ач холбогдолтой байсан юм.

Үргэлжлүүлэн ням гарагт бид дараагийн сургалт болох “Илтгэх урлагийн сургалт” -г зохион байгуулсан ба үүнд Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Н. Мөнгөнбагана илтгэгч  маань ирж сургалт орсон.

Хоёрдугаар долоо хоногт оролцогч оюутнуудадаа урам өгөх зорилгоор зочин оролцогчоор Монгол Улсын волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, МУИС-ШУС-НУС Сэтгэл судлал мэргэжлийн хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Тамираагийн Хангал оролцсон юм.

Мөн бид оролцогчдодоо нэмэлт онооны даалгавар өгсөн ба энэхүү даалгавар нь өөрийн нэг өдрийн тухай “Влог” бэлтгэх даалгавар байсан юм.Энэхүү даалгавраар оролцогчид маань бусад оролцогчдодоо өөрсдийнх нь өдөр хэрхэн өнгөрдөг мөн  тухайн өдөртөө юу юу хийдэг зэрэг өөрийн өдөр тутамд болдог зүйлсээ бусад оролцогчдоо хуваалцах сонирхолтой даалгавар болсон юм.

3 дугаар долоо хоног: Тус долоо хоногт оролцогчдод хасалт хийхгүй байхаар зохион байгуулагч багийн зүгээс шийдэж 2 дугаар долоо хоногт тэнцсэн оролцогчид даалгавраа гүйцэтгэв.

Тус хоногт өдөр бүр дараах  даалгаврыг гүйцэтгэж байсан.Үүнд:

  • 1-р даалгавар буюу өглөө эрт босох
  • 2-р даалгавар буюу 6:30-с өмнө өдрийн төлөвлөгөгөө гаргах
  • 3-р даалгавар буюу эрүүл зөв хооллох
  • 4-р даалгавар буюу дасгал хөдөлгөөн хийх
  • 5-р даалгавар буюу өдрийн төлөвлөгөөний хэрэгжилтээ шалгуулах
  • 6-р даалгавар буюу тухайн өдрийнхөө үйл явдлыг дүгнэсэн өдрийн тэмдэглэл бичих гэсэн даалгаврууд хийж гүйцэтгэсэн байгаа.

3 дугаар долоо хоногт зочин оролцогчоор:

  • МУИС-ийн БТТ-ийн доктор, дэд проф МУИС ШОНХРУУД багийн дасгалжуулагч Р.Гантулга багш
  • МУИС-ийн Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга, доктор В.Дашдаваа
  • МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн 1-р түвшний оюутан МУИС-ОУХНУС оюутны зөвлөлийн гишүүн Н. Мөнхжаргал
  • МУИС-ийн Эрдэнэт салбар сургуулийн Англи хэлний багш мэргэжлийн хөтөлбөрийн 3-р түвшний оюутан О.Бямба-Уянга
  • МУИС-ийн Эрдэнэт салбар сургуулийн Багш боловсрол мэргэжлийн хөтөлбөрийн 1-р түвшний оюутан  О.Анужин
  • МУИС-ийн Эрдэнэт салбар сургуулийн Сэтгэл судлал мэргэжлийн хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Б.Үүрийнтуяа
  • МУИС-ийн Эрдэнэт салбар сургуулийн Санхүү мэргэжлийн хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Э.Энхжаргал
  • МУИС-ийн Эрдэнэт салбар сургуулийн Санхүү мэргэжлийн хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Ц.Сугарсүрэн тус тус оролцов.

Зочин оролцогчдыг урьж тэмцээндээ оролцуулснаар оролцогч оюутнуудад маань ихээхэн урам зориг өгч даалгавраа амжилттай биелүүлэхэд томоохон тус нэмэр болсныг дурдсан. Түүнчлэн зочин оролцогчид маань нэгэн өдрийн даалгавраа гүйцэтгэхэд таатай байсан бөгөөд цаашид амьдралдаа дадал зуршил болговол  өдрийн бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй эрүүл мэндэд эерэг өөрчлөлтийг бий болгож буйгаа илэрхийлсэн юм.

Гуравдугаар 7 хоногийн багаар нэг удаа гүйцэтгэх онцгой даалгаварт 2 баг хамтарч сайн дурын ажил хийх байсан бөгөөд багууд энэхүү ажлыг маш санаачилгатай, сэтгэлээсээ хийж гүйцэтгэсэн байсан нь бахархууштай байлаа. 2 баг буюу 6 оролцогч оюутнууд хамтран хийсэн сайн дурын ажлын хүрээнд Сэлбэ голын хогийг цэвэрлэх, байнгын асаргаа шаардлагатай хүмүүст туслан нэгэн өдрийг хамт өнгөрөөх,  сургуулийн ойр орчмын бүсэд эерэг уур амьсгал авчирч хүмүүст урмын үгтэй амин дэм өгөх зэрэг олон төрлийн өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаануудыг хийсэн байв.

 

Хаалтын үйл ажиллагаа: Тэмцээний хаалтын үйл ажиллагааг 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тэмцээний зорилготой уялдуулан Чингэлтэй дүүргийн хөл бөмбөгийн талбайд зохион байгуулсан. Хаалтын үйл ажиллагаагаар 3 удаагийн багийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан ба тэмцээн тус бүрийн ялагчид МУИС-н нэрийн бүтээгдэхүүнүүдийг дурсгав.

Хөгжөөнт тэмцээний үеэр багуудтай дотно яриа өрнүүлж тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцан ус, чихэр болон жигнэмгээр үйлчилсэн.

“Өглөөний марафон 3” тэмцээний шагналт байруудыг тодруулахдаа нэгдүгээр долоо хоногоос гурав дугаар долоо хоногийн даалгавруудын нийлбэр оноогоор тодруулсан билээ.

Шагналыг МУИС-н Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В.Дашдаваа болон NUM VOLUNTEER клубийн тэргүүн Н.Долгорсүрэн нар гардуулав.

Нийлбэр дүнгээр:

  • 1-р байранд: 2 дугаар баг
  • 2-р байранд: 10 дугаар баг
  • 3-р байранд: 20 дугаар баг тус тус шалгарсан юм.

Мөн 21 хоногийн хугацаанд ганцаарчлан гүйцэтгэх даалгавраа 100% биелүүлснээс гадна өөрийн бүтээлч сэтгэлгээг даалгаврууддаа шингээж байсныг харгалзан идэвх зүтгэлтэй бүтээлч оролцогчоор 3-р багийн гишүүн Б.Энхжин тодорсон.

Дүгнэлт: 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж  буй “Өглөөний марафон-3” уралдаан нь оролцогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болсныг өнгөрсөн жилийн оролцогчид энэ удаад дахин оролцохдоо хэлж байлаа. Тэмцээн дууссаны дараа оролцогчдоос сэтгэгдлийг нь асуусан бөгөөд тэд өнгөрсөн 21 хоногийн хугацаанд өөрсдөд нь хамгийн хэрэгтэй дадлаа суулгаж чадсандаа хамгийн их баяртай байсан ба дадал зуршлаа цааш үргэлжлүүлэн амьдралын хэвшил болгохоо амлаж байсан юм. Мөн тэд тэмцээнд оролцсоноор багаар ажиллах чадвар, хувийн сахилга бат, цагаа оновчтой төлөвлөх, хариуцлагатай байх зэрэг ур чадваруудыг эзэмшсэнээс гадна илүү нээлттэй, идэвхтэй амьдралын хэв маягтай болж өөрчлөгдсөнөө хэлж байсан ба тэмцээнийг илүү өргөн цар хүрээг хамарсан байдлаар зохион байгуулах санал дэвшүүлэв.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

NUM VOLUNTEER CLUB

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар