МУИС-ийн 81 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Share Button

МУИС-ийн 81 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа амжилттай боллоо. Нээлтэд МУИС-ийн удирдлагууд, УИХ-ын дарга Г.Занданшатар,  УИХ-ын гишүүн БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын даргын Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр,  Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мөн МУИС-ийн эрдэмтэн профессор багш нар оюутнууд оролцов.

МУИС-ийн захирал доктор, профессор Д.Бадарч хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ, МУИС гадаадын 198, дотоодын 3300 гаруй бакалаврын түвшний шинэ элсэгчээр эгнээгээ бэхжүүлж, нийтдээ 26 мянга гаруй суралцагч, 1500 гаруй багш, ажилтантайгаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна хэмээв. Энэ хичээлийн жил МУИС-ийн хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн байхыг онцлоод гурван жишээг дурдлаа. 

Нэгдүгээрт, Дээд боловсролын тухай хууль батлагдсан нь дээд боловсролын эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн. Үүнтэй холбогдуулж МУИС нь дүрэм журам, удирдлагын тогтолцоогоо шинэчлэж, их сургуулиа хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинээр боловсруулах жил болно. Монгол Улсын нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнд  нийцсэн мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэх үүднээс өнгөрсөн гурван сард багш, оюутны хөгжлийг дэмжих зорилгоор Монголд анх удаа Багш, оюутны хөгжлийн төвийн барилгыг ашиглалтад оруулж, оюутны авьяас чадварыг нээн хөгжүүлэх клуб, дугуйлангийн үйл ажиллагааг бодитойгоор дэмжих, сургалтын чанарыг сайжруулах, суралцахуйд өөрчлөлт хийх ажлыг цаашид үргэлжлүүлж, шинэ үеийн чадвартай мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилгоо бүрэн хэрэгжүүлэх болно.

Хоёрдугаарт, манай төр, засгаас МУИС-д томоохон хөрөнгө оруулалт, тухайлбал МУИС-ийн III байрыг шинээр барихаар шийдвэрлэснийг хэрэгжүүлэх, Хятадын Засгийн газрын “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэх хичээлийн жил эхэлж байна. Түүнчлэн инженер, технологийн дээд боловсрол “1000 инженер” төслөөр МУИС-д судалгааны зориулалттай 8,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 109 нэр төрлийн 148 тоног төхөөрөмж нийлүүлэн судалгааны дэд бүтцийг бэхжүүлсэн бол энэ хичээлийн жилээс суурь боловсролын сургалтын баазыг бэхжүүлэхэд уг төслөөс томоохон хөрөнгө оруулалт хийх жил болно. 

Гуравдугаарт, 2022-2023 оны хичээлийн жилд  МУИС-ийн профессор багш нар  3 тэрбум 700 сая төгрөгийн 88 судалгааны төсөл хэрэгжүүлж байна. Мөн WoS бүртгэл бүхий сэтгүүлд 125 өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ улсын хэмжээнд ШУА-ийн дараа хоёрдугаар байранд орж байна. Энэ хичээлийн жилээс манай их сургууль судалгааны ажлынхаа үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар улс орныхоо хөгжлийн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж Шинжлэх ухааны Парк байгуулж, улмаар олон улсын жишигт хүрсэн Судалгааны их сургууль болохоор ажиллах жил болж байна хэмээв.

Мөн тэрбээр, төрөлх их сургуулийнхаа хөгжил дэвшлийн шинэ эринийг нээж буй 2023-2024 оны хичээлийн жилийн мэндийг эрхэм хүндэт  багш, ажилчид, оюутан залуустаа хүргэж, эрдэм оюуны өндөр амжилт гарган, шамдан сурч бүтээж, ажиллахыг хүсэн ерөөлөө. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, МУИС нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын тэргүүлэх сургууль болохыг онцолсон юм. Мөн тэрбээр, УИХ-ын хаврын чуулганаар шинэчлэн баталсан Боловсролын тухай багц хуулийн нэг болох Дээд боловсролын тухай хуулийн талаар мэдээлэл хийв.

Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн зөвлөх профессор Р.Самъяа болон МУИС-ийн шинэ элсэгч БУС-ийн Гадаад хэлний боловсрол, Англи хэлний хөтөлбөрийн П.Нинжин нар үг хэллээ.

Захирлын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналыг ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимийн профессор Б.Энхсаруулд гардуулав.

Энэ удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийг хоёр агуулгаар зохион байгуулсан нь онцлог байв. Тухайлбал, нээлтийн эхний хэсэгт эрдэм шинжилгээ, инновацын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг гаргаж, гадаад дотоодын зочид, төлөөлөгчид, эрдэмтэн багш, судлаачид, оюутан залууст сурталчилах зорилгоор МУИС-ийн номын санд танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Түүнчлэн, МУИС-ийн шинэ элсэгчид, нийт оюутан залууст зориулан МУИС-ийн оюутны хөгжилд чиглэсэн үйлчилгээ, сургалт, номын сан болон МУИС-ийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчилах нээлттэй өдөрлөгийг хичээлийн I байрны урд талбайд хийлээ. Энэ үеэр, МУИС-ийн оюутны сайн дурын 60 гаруй клубийн төлөөлөл үйл ажиллагаагаа танилцуулж, авьяаслаг оюутнуудын урлагийн чөлөөт тоглолт хийсэн нь оюутнуудын сонирхлыг татаж байсан юм.

МУИС-ийн хувьд олон улсын жишигт хүрсэн судалгааны их сургууль болохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтод хүрэхэд төр засгийн дэмжлэг, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой билээ. Энэ хүрээнд  МУИС, МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар