Байгалийн ухааны 23 сурах бичгийг олон нийтэд нээлттэй болголоо

Share Button

МУИС судлаач багш нарынхаа оюуны бүтээлийг техник технологийн дэвшил ашиглан цахим хэлбэрт хөрвүүлж, олон нийтэд үнэ төлбөргүй түгээх зорилгоор “М ПЛАС” ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд “Нээлттэй сурах бичиг” төслийн нээлт, гэрээнд гарын үсэг зурах ёслол Номын сангийн 502 тоот танхимд боллоо. 

Нээлтийн ёслолд бүтээлийн зохиогчид, МУИС-ийн удирдлага, багш нар, хэрэглэгч оюутнууд, дэмжигч, хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Төслийн хүрээнд байгалийн ухааны 23 бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлж,  сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүллээ. Энэхүү шийдэл нь суралцагчийн сурлагын чанарыг ахиулах, багш эрдэмтний бүтээлийг боловсролын өв болгон хадгалах, багш оюутнуудын зайнаас ажиллаж боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал, ач холбогдолтой юм. 

Боловсролыг дэмжигч “Юнител” групп, “М-Си-Эс Кока-Кола” ХХК уг төслийг санхүүжүүлсэн байна. 

Нээлтийн үеэр МУИС-ийн захирал доктор, профессор Д.Бадарч, “Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд өөрсдийн оюуны өмч, мэдлэгийг бүх нийтийн хүртээл болгох хөдөлгөөн өрнөж, энэхүү санаачилгыг ЮНЕСКО дэмжсэн. Өнгөрсөн жил МУИС-ийн эрдэмтэн багш нартаа хандаж, сурах бичгүүдээ нээлттэй болгох саналыг тавьсан. Үүнийг манай сургуулийн эрдэмтэд тэр дундаа суурь боловсролын тэнхимийн профессорууд маань талархалтайгаар хүлээж авсан юм. Энэхүү санаачилгын дагуу бид цахим номыг Монголд түгээх чиглэлээр ажиллаж буй компаниудад хандсаны дагуу боловсролыг дэмжигч байгууллагууд маань дэмжин ажиллах эхлэл тавигдаад байна. Ийнхүү өнгөрсөн тавдугаар сард бид “Esan” компанитай хамтран 30 номыг цахимд нээлттэй байршуулсан бол өнөөдөр цахим контентийг түгээгч томоохон компани болох “М ПЛАС”-тай хамтарч 23 сурах бичгийг нийтэд нээлттэй байршууллаа. Өмнө нь МУИС-ийн мэргэжлийн суурь хичээлүүд, тэр дундаа физик, математик, хими, биологийн салбарын оюутны элсэлт бага байсан. Харин энэ хичээлийн жилд эрс нэмэгдлээ. Товчоор, тус салбарууд цаашид хөгжих хандлагатай байна. Байгалийн шинжлэх ухааны салбар хөгжиж гэмээнэ Монгол Улс хөгжинө. Энэ хүрээнд БШУ-ны сайдтай хэлэлцэж, МУИС-ийн физик, хими, биологи, математикийн сургалтын лабораториудыг шинэчлэх саналыг дэвшүүлээд байна. “Инженер технологийн дээд боловсрол” төслөөс 1,5 сая долларын тоног төхөөрөмжийг манай лабораториудад байршуулахаар болсон” гэдгийг дуулгалаа. 

Нээлттэй сурах бичигт оюуны бүтээлүүдээ байршуулсан эрдэмтэн багш нарыг төлөөлж, МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн профессор Д.Улам-Оргих үг хэллээ. Тэрбээр, “Аливаа эрдмийг түгээхэд үржигдэж байдаг жамтай. Энэ хэрээр эрдэм мэдлэг нь тунгалагжиж, арвиждаг юм. Миний үеийн оюутнууд ном авах гэж номын санд уралддаг байсан. Өнөөдөр түмэн номыг зэрэгцүүлэн үзэх боломжийг бидэнд олгож байна. Нээлттэй сурах бичгийн ачаар оюутан залуус ахмад үетэйгээ уулзаж, тэдний оюун ухаанаар шимтэн суралцах, боломжтой боллоо. Бид Онолын физикийн бүх номыг цахимд байршуулсан. Үүний дунд надад багшилж байсан эрдэмтэн багш нарын маань бүтээлүүд багтсан. Багш нарынхаа номыг одоо үзэхэд тэдэнтэйгээ уулзаж байгаа мэт санагдсан төдийгүй эрдэм мэдлэгээс нь дахин суралцах завшаан тохиолдож байгаад баяртай байна” гэлээ.

Энэхүү нээлттэй сурах бичгийг МУИС-ийн оюутнуудаас гадна хүссэн хүн бүр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүлээн авч харьцуулан судлах энэ боломжийг олгож байгаагаараа давуу талтай хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа. 

МУИС нь өөрийн багш нарын оюуны бүтээлийг техник технологийн дэвшил ашиглан цахим хэлбэрт хөрвүүлж үнэ төлбөргүйгээр олон нийтэд түгээх зорилгоор “М ПЛАС” ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Ийнхүү ховордсон сурах бичгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь боловсролын тэгш хүртээмж бий болгоход эерэг нөлөөлөхийн сацуу сурлагын чанарыг ахиулах, багш эрдэмтдийн бүтээлийг боловсролын үнэт өв болгон хадгалах, багш оюутнуудын зайнаас ажиллаж суралцах боломжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

 “М ПЛАС” ХХК нь гар утас, таблетад татагдах боломжтой “Mplus” аппликэйшныг хөгжүүлсэн бөгөөд оюуны бүтээлийг цаг хугацаа, орон зай үл хамааран цахимаар унших, сонсох боломжийг олгож байна.

Нээлттэй сурах бичгийн сантай дараах холбоосоор нэвтэрч танилцаарай! https://www.mplus.mn/category/bolovsrol

  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар