Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан МУИС-ийн шилдэг эрдэмтэн, судлаачдыг алдаршуулах “Web of Science” хүндэтгэлийн арга хэмжээг 11 дэх жилдээ 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулав.Энэхүү арга хэмжээ нь шинэ мэдлэг бүтээж, судалгааны бүтээлээ олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн МУИС-ийн шилдэг эрдэмтэн судлаачдыг алдаршуулах, тэдний судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой.
“Web of Science” мэдээллийн санд бүртгэлтэй нэр хүнд бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны бүтээлээ хэвлүүлэх, түүнчлэн туурвисан бүтээлийг нь гадаад, дотоодын судлаачид эш татаж ашигласан байдал зэрэг нь тухайн хувь судлаач болон судалгааны байгууллагын олон улсын нэр хүнд, чансааг илэрхийлдэг чухал үзүүлэлт юм.
МУИС нь энэхүү үзүүлэлтээр манай улсын бусад их, дээд сургуулиудыг тэргүүлж байна. 2023 оны байдлаар МУИС-ийн эрдэмтэн судлаачид “Web of Science” мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 1670 гаруй өгүүлэл хэвлүүлсэн ба тэдгээр нь нийт 21,500 гаруй удаа эшлэгдсэн байна.
МУИС-ийн эрдэмтэн судлаачид 2022-2023 оны хичээлийн жилд Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын сэтгүүлд 153 өгүүлэл хэвлүүлсэн ба тэдгээрийн 38-ийг нэгдүгээр зохиогчоор, 50-ыг холбоо баригч зохиогчоор, бусад бүтээлийг гадаадын мэргэжил нэгт судлаачидтай хамтран туурвисан байна.Түүнчлэн тус их сургуулийн эрдэмтэн судлаачид 2022-2023 оны хичээлийн жилд нийт 5.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 130 гаруй эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын байгууллагын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлжээ.
Энэхүү арга хэмжээнд БШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох оролцож шилдэг бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн ба МУИС-ийн захирал профессор Д.Бадарч судлаачдад дурсгалын цом гардуулж, бүтээлийн шагнал олгосон байна. Түүнчлэн МУИС-ийн судалгааны бодлогын хэрэгжилт болон үр дүнгийн хамаарал, цаашдын чиг хандлагын талаар Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал профессор Б.Баяртогтох танилцуулав.
Энэхүү арга хэмжээний үеэр Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Монгол улсын засгийн газрын шагнал “ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр шагнагдсан ШУС-ийн Химийн тэнхимийн профессор Д.Сарангэрэл, дэд профессор Д.Рэнцэнмядаг, Геологи, геофизикийн тэнхимийн профессор Ц.Баатарчулуун, дэд профессор Х.Уламбадрах, Ус, цаг уур судлалын тэнхимийн профессор С.Эрдэнэсүх, Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгс, Бизнесийн сургуулийн Маркетинг худалдааны тэнхимийн профессор Н.Батнасан, Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор Б.Мөнх-Өлзий нарт МУИС-ийн захирал Д.Бадарч, ШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох нар шагналыг гардуулж баяр хүргэв.
МУИС-ИЙН СУДАЛГАА, ИННОВАЦЫН БОДЛОГЫН ГАЗАР