Монгол Улс “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хуулийг 2022 онд баталж, түншлэлийн үндсэн зарчим нь төр, хувийн хэвшлийн хооронд эрх, үүргийг тодорхойлж, эрсдэлийг оновчтой хуваарилах, сайн засаглалын зарчимд тулгуурлах, урт хугацаанд төсвийн зардлыг чанар, үр дүн, гүйцэтгэлд үндэслэн хуваарилах, төрийн үйлчилгээг хангах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэж байна.
Хүүхэд, гэр бүлтэй ажилладаг төр, төрийн бус байгууллагууд хамтран хүүхдийн эрхийн зөрчлийг багасгах, эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлдэг.
ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү зөвлөлдөх хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны ач холбогдлыг дурдаад цаашдын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж буйг онцлон тэмдэглэв.
Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийн хүрээнд төрийн бус байгууллагууд 1990-ээд оноос эхлэн байгуулагдаж, хамтран ажиллаж иржээ. Энэ хугацаанд Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ, Экпат Монгол сүлжээ, Хүүхдийн эрхийн форум, Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын холбоо хэлбэрээр байгууллагууд хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлгээр хүүхэд, гэр бүлийн төлөө ажиллаж байгаа Иргэний нийгмийн байгууллагаас төртэй хэрхэн тогтвортой хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, тулгамдаж буй олон асуудлыг хамтдаа шийдвэрлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсад гэр бүл, хүүхдийн чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллагын сүлжээ, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, дээвэр байгууллага байгуулах хэрэгцээг тодорхойлох зорилгоор энэхүү уулзалт хэлэлцүүлгийг Социологи, нийгмийн ажлын тэнхим, Хүүхдийн эрхийн үндэсний төв санаачлан зохион байгуулж, ХНХЯ-наас дэмжлэг үзүүлсэн болно. Тус хэлэлцүүлэгт их дээд сургууль, төр, төрийн бус байгууллагын 10 гаруй багш судлаачид онолын болон практик үйлчилгээний илтгэл хэлэлцүүлсэн. Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, дэд профессор М.Батбаатар, “Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахад эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын оролцоо”, мөн тус тэнхимийн дэд профессор Г.Түмэннаст “Төрийн бус байгууллага сүлжээний түвшинд хамтарч ажиллах үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавьж оролцсон юм.
Тус үндэсний хэлэлцүүлэгт гэр бүл, хүүхдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж буй 50 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, өнөөгийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо хуваалцлаа. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан цаашид хамтран ажиллах бодлогын зөвлөмж гаргана.
Хэлэлцүүлгийг хааж ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа хэлэхдээ хэлэлцүүлэг олон талын ач холбогдолтой болсныг дурдаад, ирэх 2024 онд илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Социологи, нийгмийн ажлын тэнхим