Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын тэргүүлэх эрдэмтэн мэргэдийн нэг, академич Намсрайн Содномын мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр болсон Н.Содном агсны ойд зориулсан дурсгалын хөшөөний нээлт байв. Нээлтийг МУИС-ийн харьяа Цөмийн Физикийн Судалгааны Төв (ЦФСТ)-ийн байранд зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж МУИС-ийн захирал доктор, профессор Д.Бадарч хэлсэн үгэндээ Академич Н.Содномын Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмэр өндөр байсныг онцлоод цаашид түүний үйл хэрэг, баримталж ирсэн бодлогыг залуу үед дамжуулан, уламжлуулна хэмээв. Мөн тэрбээр, академич Н.Содномын хөшөөг босгоход оролцсон бүх хүнд Монгол Улсын Их сургуулийн хамт олны зүгээс талархал илэрхийллээ.
Энэ үеэр, хөшөөг урласан Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан үг хэллээ. Тэрбээр, “Би Содном гуайг бага ахуй наснаасаа мэднэ. Түүний хүү болох С.Энхбат найз маань аавынхаа хөшөөг хийлгэх санал тавихад би найрсгаар хүлээж авсан. Учир нь мэддэг хүнээ хийхэд мэдээж дөхөмтэй. Энэхүү хөшөөг хүрлээр урласан ба чулуун суурьтай. Н.Содном гуайг бодлогоширч суусан байдалтайгаар дүрсэлсэн” гэлээ.
Академич Н.Содном нь Монголын физик, техникийн шинжлэх ухаан, тэр дундаа цөмийн физик судалгааг үндэслэгч эрдэмтэн юм. Түүний Монгол Улсын физикийн салбарт оруулсан гавьяаг өндрөөр үнэлж, өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдөр МУИС-ийн захирлын А/220 тушаалаар ЦФСТ-ийг Н.Содномын нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн.
Н.Содном нь манай улсын физикийн салбар, тэр дундаа цөмийн физикийн салбарын өнөөгийн суурийг тавьсан нэгэн юм. Цөмийн физикийн суурь судалгаа, багаж төхөөрөмжийн арга зүйн судалгаа, хөгжүүлэлт болон салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд голлон анхаарч байв. Тэрээр МУИС-ийн ректороор 17 жил ажиллахдаа сургалт-эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулж, материаллаг баазыг хөгжүүлэхэд голчлон анхаарч ажиллаж байжээ. Үүний үр дүнд шинжлэх ухааны сургалтын олон чиглэл үүссэн байна. Тухайлбал, цөмийн шинжилгээний лаборатори, биофизикийн лаборатори, геофизикийн салбаруудад бодитой ахиц дэвшил олонтоо гарч байв.