Олон цагирагт үнэрт нүүрсустөрөгчийн агууламжийн гол эх үүсвэр нь хотын төв орчимд жилийн галлагааны үед, дулааны улиралд тээврийн хэрэгслээс ялгарч буй бохирдуулагчаас үүдэлтэй.
МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв “Манай судалгаа – Бид юу судалдаг вэ?” мультимедиа нийтлэлийг бэлтгэн хүргэдэг. Тус цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Инженер технологийн сургуулийн агаарын чанар, агаарын бохирдлын чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтдийн баг оролцлоо. Агаарын бохирдлын түвшин ямар хэмжээнд буйг тогтмол судалгаагаар тогтоож олон нийтэд мэдээллэх нь судлаачдын ажлын гол зорилго. Түүнчлэн судалгааны багийн хувьд агаарын чанартай холбоотой асуудлаар цаашид авах арга хэмжээ, зөв менежмент, гарц, шийдлийг олоход судалгааны ажлын сэдвээ чиглүүлж байна.
Овог, нэр: Чонохүүгийн Сономдагва
Албан тушаал: МУИС-ийн Инженер технологийн сургуулийн захирал, профессор
Заадаг хичээл: Хүрээлэн буй орчин судлал, Орчны судалгааны статистик боловсруулалт, Байгаль хамгаалал, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Атмосфер, атмосферийн бохирдол, Агаарын чанарын үнэлгээ, Агаар орчны судалаганы аргууд
Судалгааны ажлын тань талаар холбогдох боломжтой цахим хаяг: ch_sonomdagva@num.edu.mn
Овог, нэр: Доржсүрэнгийн Батсүрэн
Албан тушаал: МУИС-ийн дэд профессор
Заадаг хичээл: Хүрээлэн буй орчны судалгааны аргууд, Хүрээлэн буй орчны мониторинг, Хүрээлэн буй орчны бодлого, менежмент, Хүрээлэн буй орчин судлал, Усан орчны судалгааны арга зүй, Орчны хяналт шинжилгээ, Орчны судалгааны статистик боловсруулалт
Судалгааны ажлын тань талаар холбогдох боломжтой цахим хаяг: batsuren@num.edu.mn
Овог, нэр: Батболдын Чүлтэм
Албан тушаал: МУИС-ийн гэрээт багш, доктор
Заадаг хичээл: Экологи эдийн засгийн үнэлгээ, Хүрээлэн буй орчны судалгаанд зайнаас тандан судалгаа ба газарзүйн мэдээллийн хэрэглээ, Байгалийн нөөцийн эзологи эдийн засгийн үнэлгээ, Агаар орчны судалгааны аргууд
Судалгааны ажлын тань талаар холбогдох боломжтой цахим хаяг: chultem@num.edu.mn
Овог, нэр: Бямбаагийн Батдэлгэр
Албан тушаал: МУИС-ийн дэд профессор, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Сургууль (Ewha Womans University)-ийн Хүрээлэн Буй Орчин Судлал, Инженерчлэлийн тэнхимийн зочин судлаач
Судалгааны ажлын тань талаар холбогдох боломжтой цахим хаяг: b_batdelger@num.edu.mn
Манай анхны судалгаа
Ч.Сономдагва: Манай баг агаарын чанар, агаарын бохирдолтой холбоотой анхны судалгааны ажлаа 2004 онд эхэлж байсан. Тухайн үед Улаанбаатар хотын агаарын бохирдлын үндсэн эх үүсвэрийг тодорхой болгох, тооллого судалгаа, бохирдлын эх үүсвэрийн эзлэх хэмжээг тодорхойлох зэрэг судалгааны ажлыг хийсэн юм. Үүнээс хойш энэ чиглэлийн судалгааны ажлыг тасралтгүй хийж байна. Ганц Улаанбаатар хот гэлтгүй Монгол орны бүх л аймаг, сумд, уул уурхайтай газар, эвдэрсэн газар, түүнээс үүдэлтэй агаарын бохирдолтой газар гэх мэт чиглэлээр судалгааны ажлаа өргөжүүлж байна. 2004 оноос эхлэн агаарын бохирдлыг судалж байхад Агаарын чанарын газар зэрэг байгууллагууд байгуулагдаж агаарын бохирдолтой тэмцэж эхэлсэн. Харамсалтай нь агаарын бохирдол жилээс жилд нэмэгдээд л байсан. Манайд ажиглагддаг нэг зүйл бол түгжрэл гээд түгжрэлтэй тэмцээд байдаг, түгжрэл нь нэмэгдээд байдаг. Агаарын бохирдолтой тэмцээд байдаг ч агаарын бохирдол нь нэмэгдээд байдаг. Асуудалтай тэмцээд байдаг, асуудал нь нэмэгдээд байдаг нь зохион байгуулалт, үр дүнгүй, чиглээгүй үйл ажиллагаа гээд улс төрийн болон нийгэм эдийн засгийн, хүн амын шилжилт, хот хэт замбараагүй тэлж байгаа гээд олон хүчин зүйлтэй холбоотой. Судлаачдын хувьд тогтмол судалж байгаа, нэмэгдэж байгаад харамсаж байдаг. Харин 2019, 2020 онд сайжруулсан түлш, Улаанбаатар хотын тэлэлтийг хязгаарлах бодлого зэргээс хамаарч тасралтгүй өсөж байсан агаарын бохирдол тогтох буюу нэмэгдэхгүй байх хандлага ажиглагдаж байна. Одоо харин түүнийг огцом бууруулах шаардлагатай. Судлаачдын хувьд бохирдол ямар байгааг тогтмол хянаж мониторинг хийдэг бол одоо бууруулах арга замын талаар зарим судалгааны ажлаа чиглүүлж байна.
Б.Чүлтэм: Эрдэнэтийн зэс молибдений олборлох, боловсруулах үйлдвэрийн хаягдлын сангаас эх үүсвэртэй цагаан тоосны судалгааг хиймэл дагуулын мэдээг ашиглаж хийсэн. Судалгааны үр дүнд 100 орчим километр газарт, ихэвчлэн тариалангийн талбайн орчмоор маш нарийн ширхэгтэй, хүнд метал ихээр агуулсан тоосонцор дэгдэж байгаа нь тогтоогдсон. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч энэ цагаан тоосны дэгдэлтийн давтамж нэмэгдэж 12 дугаар сар хүртэл дэгдэж байгаа нь аюултай үзэгдэл болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зөвлөмжийг судалгааны ажлын үр дүнд гаргасан. Мөн энэ аргазүйг ашиглан говийн бүсээс хийсэж буй шороон шуурга, тоосонцорыг судлах судалгааг хийж байна. Бидний нэрлэдгээр шар шороон шуурга гэдэг. Энэ бол зөвхөн манай орны асуудал биш, бүс нутгийн асуудал. Зүүн Өмнөд Азийн хэмжээний асуудал.
Д.Батсүрэн: Монгол орныг хамарсан мониторингийн сүлжээ байгуулах ажлыг хийж байна. Ганц Улаанбаатар хотод агаарын бохирдол байгаа юм биш. Манай улсын томоохон суурингуудад агаарын бохирдол өндөр түвшинд хүрсэн байгаа. Манай судалгааны баг Ховд хотын агаарын бохидлыг Улаанбаатар хотын агаарын бохирдолтой харьцуулсан судалгааны ажлуудыг хийсэн.
Б.Батдэлгэр: Миний хувьд 2019 онд Япон Улсын Каназава Их Сургууль (Kanazawa University)-д “Улаанбаатар хотын агаар дахь олон цагирагт үнэрт нүүрсустөрөчийн судалгаа” сэдвээр доткторын зэрэг хамгаалсан. Олон цагирагт үнэрт нүүрсустөрөгч /PAHs/ нь органик гаралтай бүтээгдэхүүн буюу нүүрс, нефтийн гаралтай бүтээгдэхүүн, өвс ургамал, мод, модны навчыг бүрэн шатаахад үүсдэг. Мөн өндөр температурт хоол хийх, мах, хүнсний ногоо зэргийг шарж, хуурахад үүснэ. Эдгээр нэгдлүүд нь хүний биед амьсгал болон хоол хүнсээр дамжин нэвтрэх бөгөөд амьсгалын замын эрхтний хавдар, генийн өөрчлөлт үүсгэх гол сөрөг нөлөөтэй. 2013 онд олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг агаарыг бохирдуулагч бодисуудыг эрэмбэлсэн байдаг. Энэ ангилалаар 1-р бүлэг буюу хүнд хорт хавдар үүсгэдэг нэгдэлд бензо[а]пирен (BaP) болон түүнийг агуулж байдаг нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ыг, 2В бүлэг буюу хүний хувьд хорт хавдар үүсгэх магадлалтай ангилалд PAHs-ийн бусад нэгдлүүдийг хамруулсан байдаг.
Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцор болон түүнд агуулагдах хүнд метал, олон цагирагт үнэрт нүүрсустөрөгчийн агууламжийн түвшинг тогтоож, нөлөөллийг үнэлэх судалгаагаар хүнд металын нийт дээж авсан цэгүүд бохирдлын түвшин бага утгыг бүгд давсан байгаа бөгөөд дунд зэрэг бохирдлын түвшинд Тахилт, Дэнжийн 1000, Чингэлтэй, Хүнсний 9, Сансар, Монел, БЗДүүрэг, Зайсан, Яармаг, Хүрэл тогоот, 3-р сургууль гэсэн цэгүүд хамаарагдаж байна. Харин өндөр бохирдолтой түвшинд Улаанчулуут, 1-р хороолол, 25-р эмийн сан, Баянбүрд, МҮОНРТ, Хайлааст, Дарь эх, Да хүрээ, Нисэх, Тасганы овоо зэрэг цэгүүд хамаарагдаж байгаа бол маш өндөр бохирдолтой ангилалд Баянхошуу орчмоос авсан дээж хамааралтай байна. Улаанбаатар хотын гудамжны тоосонд агуулагдах хүнд металлын бохирдлын түвшин харьцангуй өндөр байна.
Олон цагирагт үнэрт нүүрсустөрөгчийн агууламжийн гол эх үүсвэр нь хотын төв орчимд жилийн галлагааны үед, дулааны улиралд тээврийн хэрэгслээс ялгарч буй бохирдуулагчаас үүдэлтэй байна.
Бусад дээж авсан цэгүүдийн хувьд биомасс болон нүүрсний шаталтаас үүссэн холимог эх үүсвэрийн гаралтай бөгөөд бүх хэсгүүдэд газрын тосны гаралтай бохирдуулагчид бүртгэгдсэн. Мөн өвлийн улиралд гэр хорооллын өрхийн халаалтын гол хэрэглээ нь нүүрс, мод байдгаас шалтгаалж биомасс болон нүүрснээс үүдэлтэй бохирдуулагчид өвлийн улиралд маш өндөр хэлбэлзэл үүсгэж байна.
Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын дулааны улирлын PAHs-ийн гол эх үүсвэр нь тээврийн хэрэгсэл байна.
Хэтийн төлөвлөгөө, судалгааны амбиц
Судалгааны ажлууд маань манай улсын хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг байхыг зорьдог. Ялангуяа манай улс шиг цөөн эрдэмтэн судлаачтай, олон шийдвэрлэх асуудалтай улсад судлаач бүрийн хийж буй ажил тодорхой хувь нэмэр оруулдаг байх ёстой. Тийм ч учраас бид өөрсдийн санал санаачилгаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Ховд, Өмнөговь аймгуудад хүрээлэн буй орчны мониторингийн цэг, станцуудыг байгуулан ажиллаж байна. Ойрын үед Дорнод аймгийн төвийг хамруулах болно. Ингэснээр Монгол орны бүсчилсэн хөгжлийн хүрээнд болон байгалийн бүс бүслүүрийн хувьд төлөөлөх хотууд, аймгийн төвүүдийг харьцуулан судлах, хяналт мониторинг хийж олон нийтэд мэдээллэх боломжтой болох юм.
Танай мэргэжлийн онцлог
Хүрээлэн буй орчин судлаач бол олон салбартай уялдаатай ажиллахыг шаарддаг орчин үед хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг бөгөөд манай улс болон дэлхийн хэмжээний топ асуудлуудын хүрээнд ажилладагаараа олны анхаарлын төвд байдаг, мэргэжлийн хувьд хөгжиж дэвших, дараагийн шатанд суралцах боломж дүүрэн байдаг мэргэжил юм.
Манай судалгаа
Дэлхийд 10 хүн тутмын 9 нь бохирдолтой агаараар амьсгалж байгаа бөгөөд жил бүр 7 сая хүн агаарын бохирдлоос үүдэн нас бардаг бөгөөд эдгээр хүмүүсийн 4 сая нь дотоод орчны агаар бохирдолтой учраас нас барж байна. Дэлхий хэмжээнд агаар бохирдуулагч элементүүд дотроос хамгийн их агууламжтай нь нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүд ч ялгаагүй өвлийн улиралд агаарын бохирдол өндөр түвшинд байгаа ба гол бохирдуулагч нь тоосонцор байна. Энэхүү тоосонцорын агууламжинд хийсэн судалгаагаар хүний биед хортой төрөл бүрийн хүнд металлууд, олон цагирагт үнэрт нүүрс ус төрөгчид ихээр агуулагдаж байгааг манай судалгаа тодорхойлсон.