Хүмүүнлэгийн салбараар дэлхийд эхний 50 дугаарт багтдаг Францын Парис III–Шинэ Сорбонны их сургуультай Монгол Улсын Их сургууль 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хүрээнд багш, оюутан солилцоо явагдахын зэрэгцээ МУИС-ийн ШУС-ийн Хэлний туршилт судалгааны төв (ХТСТ), Шинэ Сорбонны их сургуулийн Авиа, авиалбар зүйн лаборатори (LPP, CNRS) хамтын судалгааны ажил хийхээр тохиролцжээ. Тус лаборатори нь авиа зүй, авиалбар зүй, аяс айзам, аялга, согог судлал, сэтгэц хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийдэг ба МУИС-ийн ХТСТ авиа зүй, авиалбар зүй, согог судлал, танихуй болон сэтгэц хэл шинжлэлийн чиглэлээр хамтарсан сургалт, судалгааг хийхээр төлөвлөж байна.
Парисын Шинэ Сорбонны Их сургуулийн Авиа, авиалбар зүйн лабораторид МУИС-ийн ХТСТ-ийг төлөөлөн МУИС-ийн Гадаад хэл шинжлэлийн докторант Л.Оюу-Эрдэнэ, Олон улс, орон судлалын магистрант Ц.Хонгорзул нар 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 08-ны өдрийг хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд танилцах дадлага хийлээ.
Дадлагын хугацаанд тус лабораторын эрхлэгч, эрдэмтэн судлаач, магистр, докторын оюутнуудтай танилцаж, тэдний хийж буй судалгаа мөн бидний ХТСТ-д хийгдсэн болон хийгдэж буй судалгааны талаар мэдээлэл солилцов. Түүнчлэн лабораторын дуу бичлэгийн студи, төхөөрөмжүүд болох EMA (Electromagnetic Articulation Analyzer), EPG (Electropalathography), AeroMask, Echographe, Electro-myographie, Computerized Speech Lab (CSL), Стандарт камер, Electroglottographe, Hyper Helmet, Kymographem, Photolottographe non-invasif, Photonasographe, Sonometre, Station EVA2, Motion Capture System зэрэгтэй танилцаж, ажиллуулах заавар зөвлөгөө авав.
Түүнчлэн Авиа зүй, Авиалбар зүй, Аялга айзам судлал, Согог судлалын удиртгал гэсэн нийт таван удаагийн хичээл, Using Crowd-Sourced Data and Automatic Alignment to Investigate the Phonetics and Phonology of Less-Resourced Languages, Mathilde Hutin (Institut Langage et Communication, UC de Louvain) болон Handy prosody: how prosody in the voice, lips, and hands shapes the words you hear, Hans Rutger Bosker (SPEAC lab, Donders Centre for Cognition, Radboud University) сэдэвт хоёр удаагийн семинарт сууж, Шинэ Сорбонны Их Сургуулийн номын сангаар зочлов. Тус номын санд уншигчийн карт нээлгэж, Авиа зүй, аялга судлалтай холбоотой франц эрдэмтэн судлаачдын ном, товхимлыг уншиж танилцсан. Мөн Анни Рилланд болон Жиа Еэнг судлаач нартай хамтран монгол хэлний авиа, авиалбар зүйн судалгаа эхлүүлэхээр болж, монгол хэлний өгөгдлийн санг бэлтгэж, EMA аппаратыг ашиглан өгөгдлийн сан цуглуулсан. EMA аппарат нь өгүүлэхүйн эрхтэн тогтолцоог электрон сенсорын тусламжтайгаар хэл ба тагнайн хоорондох хөдөлгөөнийг 3D загварчилж харуулдаг. Энэхүү дата өгөгдөлд тулгуурлан хамтарч эрдэм шинжилгээний өгүүлэл бичихээр төлөвлөж байна.
Танилцах дадлагын хүрээнд бид авиа, авиалбар зүй болон согог судлалын тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, тухайн лабораторийн үйл ажиллагаа, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй танилцсанаар хэлний туршилт судалгааны тоног төхөөрөмж ашиглан судалгаа шинжилгээ хийх арга зүйд суралцаж, хамтын судалгааны ажлын үндсийг тавилаа. Мөн цаашид ХТСТ-ын үйл ажиллагааг сайжруулж, лабораторийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлснээр олон төрлийн судалгаа шинжилгээ хийх боломжтой.