Эртний Түрэгийн өв соёлтой танилцах виртуал орчны нээлт GUYUK метаверст болно

Share Button

МУИС-ийн “Гарааны дижитал солюшнс” компанийн залуус Хөшөө цайдам музей, МУИС-ийн Археологийн судалгааны төв, Антропологи, археологийн тэнхимтэй хамтран Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Төв Азийн нүүдэлчдийн томоохон төлөөлөл болох эртний Түрэгийн өв соёлыг виртуал орчинд сэргээн байгууллаа. Энэхүү сэргээн байгуулсан виртуал орчинд эртний нүүдэлчдийн бичиг үсгийн судлал төдийгүй Төв Азийн улс түмний археологийн судалгаанд онцгой хувь нэмэр оруулсан Хөшөө цайдамын бүлэг дурсгал, Билгэ хааны тахилын онгон, тэндээс олдсон археологийн үнэт олдворуудтай танилцах боломжийг бүрдүүлжээ. Эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүн, зөвлөгөөнд түшиглэн Билгэ хааны тахилын онгоныг компьютер графикийн аргаар байгуулж, түүх, өв соёл, боловсролын GUYUK метаверст сэргээн байрлуулсан байна.

Хэрэглэгчид дэлхийн хаанаас ч ухаалаг утас болон компьютер дээрээ GUYUK метаверс аппликейшнийг татаж суулгаад түүх, өв соёлын эдгээр дурсгалуудтай шинэлэг байдлаар танилцах боломжтой. GUYUK метаверс нь Монголчуудын түүх, өв соёлыг таниулан сурталчлах зорилгын хүрээнд Монгол залуусын хөгжүүлсэн программ хангамж бөгөөд хэрэглэгчид хамтдаа аялах, суралцах, ярилцах боломжуудыг бүрдүүлсэн гурван хэмжээст нийгмийн сүлжээ буюу метаверс юм.

GUYUK метаверст Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын хааны ордон, Цогт их сүм, Монголын нэрт соён гэгээрүүлэгч Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн виртуал музей, Цогт хунтайжийн Цагаан байшин, Дуутын хадны бичээс зэрэг түүхийн дурсгалт олон бүтээлийг сэргээн байгуулж олны хүртээл болгосон.

Эртний Түрэгийн өв соёлтой танилцах виртуал орчин 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн GUYUK метаверст нийтийн хүртээл болно. Та бүхэн гуравдугаар сарын 27, 28-ны өдөр зохиогдох “Түрэгийг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээнд оролцож өөрийгөө сорихын сацуу “Билгэ хааны өв соёл” виртуал музейгээр хүссэн цагтаа зочлохыг урьж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар