“Эрдэмтний бүтээл” танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэг бүтээнэ

Share Button

МУИС “Стар” телевизтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулж, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг болон “Стар” ТВ-ийн гүйцэтгэх захирал Д.Батболд нар гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд, залуусыг шинжлэх ухаанд сонирхолтой байдлаар уриалан дуудах, соён гэгээрүүлэх зорилготой юм.

Хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэмтний бүтээл” танин мэдэхүйн цуврал нэвтрүүлгийг “Стар” телевизтэй хамтран бүтээх бөгөөд уг нэвтрүүлэгт МУИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцон, өөрсдийн судалгааны үр дүн, шинжлэх ухааны ололт, бүтээл, шинэ санаачилгыг олон нийтэд хялбар, сонирхолтой хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм. Тус нэвтрүүлгийн агуулга нь эрдэмтдийн ажлыг бүтээлч байдлаар таниулахаас гадна залуу үеийнхэнд судалгаанд суурилсан сэтгэхүйг төлөвшүүлэн улмаар шинжлэх ухаанд дур сонирхолтой болгох зорилготой юм.

Гэрээний хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллана:

  • Шинжлэх ухааныг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үеийг соён гэгээрүүлэх нэвтрүүлгүүдийг хамтран бүтээх;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг бодит амьдрал, практикт нэвтрүүлэхийг дэмжих;
  • Нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үүднээс олон нийтэд ойлгомжтой байдлаар танилцуулах, тайлбарлах;
  • Оюутан, сурагчдын танин мэдэхүйн хүрээг өргөжүүлэх зорилготой төсөл, арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг болно.

Талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар санал солилцож, урт хугацаанд тогтвортой түншлэлийг дэмжихийн зэрэгцээ нийгмийн хөгжлийн төлөө хамтран хувь нэмэр оруулах хүсэл зорилгоо илэрхийлэв.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар