Монгол Улсын Их сургуульд анхны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологийн шинэ сэргэлт: Судалгааны их сургууль” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2014-2026 онд МУИС дээр хэрэгжиж буй Инженер Технологийн Дээд Боловсрол (ИТДБ) төслийн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулав.
Тус арга хэмжээний гол зорилго нь Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилго бүхий 2014-2026 он хүртэлх хугацаанд МУИС дээр хэрэгжиж байгаа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хамрагдсан судалгааны багуудын 2014 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд хэрэгжүүлсэн төслийн судалгааны ажлын үр дүн болон тус төслийн хүрээнд нийлүүлсэн өндөр хүчин чадал бүхий орчин үеийн судалгааны тоног төхөөрөмж, түүний ашиглалтын талаар олон нийтэд танилцуулж түгээн дэлгэрүүлэх явдал юм.
ИТДБ төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын Их сургуулийн багш, судлаачдыг Япон Улсын Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгаа шинжилгээ хийлгэх, ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрдмийн цол зэрэг, туршлагатай хүний нөөцийг бэлтгэх, тэдний сургалт, судалгааны ажлын агуулга чанар, судалгааны дэд бүтэц, орчинг сайжруулж улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд оруулах хувь нэмэр, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршдог.
МУИС дээр хэрэгжиж буй хамтарсан судалгааны хөтөлбөр нь Япон Улсын 40 гаруй тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 90 гаруй багш, судлаач, Монгол талаас 160 гаруй судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр МУИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэл болох Биотехнологи, Нанотехнологи, Сэргээгдэх эрчим хүч, цэвэр энергийн технологи, Микроэлектроник мэдээлэл холбооны технологийн чиглэлээр судалгааны 10 багийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжиж байна.
ИТДБ төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн тэргүүлэх зорилтын нэг болох хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 160-аад багш, судлаач Японы хамтрагч их сургуулиудад магистр, докторын хөтөлбөрийн болон богино хугацааны сургалтад хамрагдахын зэрэгцээ МУИС дээр Япон Улсаас 90 орчим зочин судлаач уригдан ажилласан байна.
Түүнчлэн тус төслийн хүрээнд МУИС-ийн судалгааны орчин, нөхцөл лабораторийн тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах зорилгоор 288 сая иен буюу 7.2 тэрбум төгрөгний өртөг бүхий судалгааны тоног төхөөрөмжийн нийлүүлэгдэж орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг ашиглан дэлхийн түвшинд судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх боломж нөхцөл бүрдээд байна.
2014-2024 оны хугацаанд ИТДБ төслийн хүрээнд МУИС-ийн хамтарсан судалгааны 10 багт одоогоор 622 сая төгрөгний судалгааг дэмжих санхүүжилтийг олгож, хамтарсан судалгааны багууд судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээрээ олон улсын Web of Science, Scopus-ын болон бусад ОУ-ын хянан магадлагаа бүхий мэргэжлийн сэтгүүлд 200 oрчим өгүүлэл дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 90 гаруй өгүүлэл хэвлүүлж, олон улсын хуралд 224, дотоодын хуралд 190 орчим илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ, оюуны өмчийн 36 эрхийг авч, дөрвөн гарааны компани байгуулагдсан байна.
2024 онд МУИС-дээр ИТДБ төслөөс 12 тэрбум орчим төгрөгний санхүүжилт бүхий таван шинэ төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд:
- Их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чадавхыг сайжруулах төсөл
- Байгалийн ухааны лабораториудын чадавхыг сайжруулах төсөл
- Инженерийн суурь хөтөлбөрийн сургалтын цахим агуулга бэлтгэх, академик хэвлэл хөгжүүлэлт төсөл
- Гэр лаб төсөл
- Улаанбаатар шинжлэх ухаан, технологийн паркийн чадавхийг сайжруулах нь зэрэг төслүүд шинээр хэрэгжиж эхлээд байна.
МУИС-ийг судалгааны их сургууль болох зорилгыг биелүүлэхэд ИТДБ төсөл нь түүхэн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ МУИС-ийн судлаачдын гүйцэтгэж буй олон улсын хамтарсан судалгааны үр дүнгээр Япон улс тэргүүлж байгаа бөгөөд тэр дундаа ИТДБ төслийн хамтрагч их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд нь Япон улстай хамтарсан судалгааны тэргүүлэх 25 байгууллагын 75 орчим хувийг эзлэж байгаа нь МУИС-ийн судалгааны гадаад хамтын ажиллагаанд тус төслийн үүрэг, ач холбогдол ямар түвшинд байгаа болохыг илтгэж байгаа бас нэгэн чанарын үзүүлэлт юм
МУИС дээр хэрэгжиж буй ИТДБ төслийн онцлох үр дүнгээс дурдвал;
- Монголын анхны “Мазаалай” нано хиймэл дагуулыг 2017 онд сансарт хөөргөхөд МУИС-ийн ИТДБ төслийн зэргийн сургалтанд хамрагдсан судлаач нар Монгол улсын шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмж онцгой үүргийг гүйцэтгэсэн.
- Мөн Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас дэлхий даяар нээлттэй зарлагддаг, өрсөлдөөн ихтэй САТРЕПС хөтөлбөрт МУИС-ийн хамтарсан судалгааны багийн судлаач профессор Ж.Батхүү Токиогийн их сургуулийн профессор Т.Асами нарын хамтран дэвшүүлсэн “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” сэдэвт төсөл шалгараад хэрэгжиж байна.
- Түүнчлэн дэлхий нийтээрээ шинээр суралцаж GUYUK платформыг хөгжүүлэгч МУИС-ийн “Digital Solutions” гарааны компани нь ИТДБ төслийн үр дүнд байгуулагдан “Виртуал Хархорум”, “Шинжлэх ухаан-100” виртуал музей, “Боловсролын 21 контент” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэх мэт онцлох үр дүнгүүд гарчээ.
Судалгаа, инновацын бодлогын газар