Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Нацагийн Хавхын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал амжилттай боллоо

Share Button

Нэрт эрдэмтэн, философич, социологич, буддын соёл судлаач Н.Хавх /1944-2010/ бол амьдрал, үйл ажиллагаа, бүтээл туурвилаараа манай улсын нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарт эрдэм номын тод мөрөө мөнхөд үлдээж чадсан эрхэм хүмүүн билээ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Нацагийн Хавхын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МУИС-ийн 502 тоот хурлын танхимд амжилттай болов. Энэхүү хурлыг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Философи, шашин судлалын тэнхим, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, Монголын философийн холбоо хамтран зохион байгуулав.

Хурлыг нээж МУИС-ийн ШУС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор Д.Заяабаатар, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/, профессор М.Отгонбаяр, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор /Ph.D/, профессор Б.Пүрэвсүрэн нар үг хэлэв.

МУИС-ийн ШУС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор Д.Заяабаатар хэлсэн үгэндээ М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг Философич мэргэжлээр дүүргэсэн Н.Хавх нь МУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, философийн багш, Философийн тэнхимийн эрхлэгч, НУФ-ын декан, Буддын соёл судлалын төвийн эрхлэгч зэрэг хариуцлагатай албанд өөрийн бүх оюун ухаан, хөдөлмөрийг зориулан идэвх санаачилгатай ажиллаж байсан тухай болон профессор Нацагийн Хавх Монгол улсад нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, нэн ялангуяа социологи, нийгмийн философи, уламжлалт ухаан судлал, буддын соёл судлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан манай улсын ууган социологичдын нэг, философич, нэрт эрдэмтэн, олон талын арвин мэдлэгтэй сурган хүмүүжүүлэгч байсныг онцлон тэмдэглэжээ.

Хурлын “Дурсамж ярилцаан” хэсэгт профессор Н.Хавх багштай хамтран ажиллаж байсан хамт олон,  эрдэм номын нөхөд, шавь нарын төлөөлөл болсон Монгол улсын гавьяат багш, доктор, профессор С.Төмөр-Очир, ардын багш, академич, Т.Дорж, академич Н.Бэгз, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Л.Чулуунбаатар, философийн шинжлэх ухааны доктор Д.Тунгалаг, Монголын Философийн Холбооны тэргүүн, философийн шинжлэх ухааны доктор Д.Гантөмөр нар дурсамжаа хуваалцав.

Эрдэм шинжилгээний бага хурлаар дараах илтгэлүүдийг хэлэлцэв. Үүнд:

  • Р.Дарьхүү доктор /Ph.D/, профессор: “Профессор “Нацагийн Хавхын амьдрал, үйл ажиллагаа болон эрдэмтний замнал”
  • Б.Даш-Ёндон доктор /Sc.D/, профессор: “Монголынхоо мал аж ахуйн асуудлыг диалектикч сэтгэхүйн үүднээс шинжихүй”
  • Х.Сэлэнгэ доктор /Ph.D/, профессор: “Уламжлал, шинэчлэлийг хослуулах нь монголын төрийн оршихуйн үндэс мөн”
  •  С.Цэдэндамба доктор /Ph.D/, дэд профессор: “Монголын социологийн анхдагч нэгэн”
  • Д.Тунгалаг доктор /Sc.D/, дэд профессор: “Доктор Н.Хавхын судалгаанд хөндөгдсөн ёс суртахууны зарим асуудал”
  •  Т.Булган гавж, доктор /Ph.D/, дэд профессор:“Философич Н.Хавх багшийн “Буддын гүн ухааны агуулгын харьцуулсан тайлбар” бүтээлд хийсэн зарим тэмдэглэл”
  •  Ш.Ганхуяг доктор /Ph.D/, дэд профессор,  Г.Эрдэнэбаяр доктор /Ph.D/, дэд профессор,  Ж.Бямбасүрэн магистр нар “Доктор Н.Хавхын соёл иргэншлийн тухай үзэл санааг шинжихүй”
  •  И.Бүрэн-Өлзий доктор /Ph.D/, профессор: “Н.Хавх багшийн бүтээлүүд дэх арга билгийн сэтгэлгээний талаарх тайлбар ба орчин үе”
  • Д.Эрдэнэцэцэг доктор /Ph.D/ ,  Р.Дарьхүү доктор /Ph.D/, профессор нар “Боловсролын салбарын нэрт зүтгэлтэн Нацагийн Хавх /1944-2010/”

Хурлыг нээж үг хэлсэн, хуралд илтгэл хэлэлцүүлсэн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, багшийн тухай гэгээн сайхан үг, дурсамж ярьсан эрхэм зочид, манай тэнхимийн хамт олон, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн хамт олон, Монголын Философийн Холбоо, философи, шашин судлалын салбарын үе үеийн төгсөгчид, суралцагч нар, хамтран ажиллаж байсан эрдэм номын садан, найз нөхөд, багшийн үр хүүхдүүд, дүү нар та бүхэнд талархаж байна.

Профессор Н.Хавх багшийн хөдөлмөрч хичээнгүй, төлөв даруу, ухаалаг зан чанар, шинжлэх ухааны өргөн мэдлэг, сэтгэлгээний өндөр чадвар, сурган хүмүүжүүлэх авъяас билэг, хувийн үлгэр дуурайл нь манай хамт олон, номын садан анд нөхөд, мянга мянган шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдсэн билээ.

Монгол хүн бүхэн ухаарал гэгээрлийн оргилд хүрэх болтугай.

Ажлын хэсэг.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар