Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар (ХЗС)-аас Экологийн боловсролын төв (ЭБТ)-ийг Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний төв институци болох, гадаад, дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нь олон талаар дэмжиж ирсэн. Энэ хүрээнд 2024 оны тавдугаар сард ХБНГУ-ын Мюнхен хотын Людвих-Максимилиансийн их сургууль (ЛМУ)-ийн төлөөлөгчдийг хүлээн авахад нь мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллав.
ЭБТ-өөс ЛМУ-ийн төлөөлөгчдийг Монголд зочлохтой холбогдуулан “Тогтвортой хөгжлийн боловсрол ба хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт талуудын уулзалт, олон төрлийн сургалт семинарын арга хэмжээг зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээнд тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МУИС-ийн Биологийн тэнхим, МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим, Биологийн тэнхим, Газарзүйн тэнхим, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа (ХХУТХГ), Хүн төвтэй байгаль хамгаалал (PCC), ГОУХАН-ийн “SPACES” төсөл, ХБНГУ-ын ЛМУ, МУИС-ийн ЭБТ гэсэн Герман, Монголын хамтарсан найман байгууллагын төлөөлөл оролцов.
Хамтарсан арга хэмжээний эхэнд зохион байгуулсан “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ИХ СУРГУУЛИУДЫН ТҮВШИНД” семинарт МУИС, МУБИС, ЛМУ, ЭБТ-ийн төлөөлөл оролцож тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ыг бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн агуулгад хэрхэн тусгаж хэрэгжүүлж буй тухайд мэдээлэл солилцон харилцан туршлага судлав. Семинарын үеэр ЛМУ-ийн Газарзүйн тэнхимийн профессор Р.Людвих болон тус тэнхимийн ТХБ-ын “EL Mundo” хөтөлбөрийн зохицуулагч доктор К.Генойсс нар ЛМУ болон ТХБ-ын чиглэлийн үйл ажиллагаагаа танилцуулсан ба оролцогч талууд “Их сургуулиуд хоорондын цаашдын хамтын ажиллагааны боломж” сэдвээр санал солилцож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хамтарсан арга хэмжээний дараагийн үйл явдал болох XXУТХГ-ын Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь “Цагаан арал” мэдээлэл, сургалтын төв, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум дахь “Хангал нуур” байгалийн дурсгалт газруудад зохион байгуулсан “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖУУД” сэдэвт төлөвлөлтийн цуврал семинарт ХХУТХГ, ГОУХАН-ийн SPACES төсөл, МУИС-ийн Биологийн тэнхим, PCC, ХЗС, ЛМУ болон ЭБТ-ийн төлөөлөл 23 хүн оролцлоо. Семинарын үеэр төлөөлөгчид ХХУТХГ-ын байгаль, газарзүй, түүх, соёлын онцлог, дурсгалт газруудтай танилцсанаас гадна ХХУТХГ, ГОУХАН, ЭБТ-ийн хамтран байгуулсан “Сониучхан хэрэмний сонирхолтой аялал” байгаль орчин, танин мэдэхүйн аяллын жимээр аялан хөтөлбөрүүдтэй биечлэн танилцав.
Энэхүү төлөвлөлтийн цуврал семинарын үр дүнд талууд холбоо тогтоон танилцаж өөрийн байгууллагын хийхийг зорьж буй ажил, санаачилга, ирээдүйн хамтын ажиллагаа, түншлэлийн чиглэл, боломж, хамрах цар хүрээ зэргийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын алхмуудаа тодорхойлов.
Хамтарсан арга хэмжээний хүрээнд болсон бас нэгэн онцлох үйл явдал нь ЛМУ-ийн багш нар ЭБТ болон хамтрагч байгууллагуудын төлөөлөгчдөд зориулж “Тогтвортой хөгжлийн боловсролын арга зүй” сэдэвт хоёр өдрийн сургалт байв. Уг сургалтыг ЛМУ-ийн дэргэдэх “EL Mundo” тогтвортой хөгжлийн боловсролын хөтөлбөрийн зохицуулагч Др.К.Генойсс болон эрдэм шинжилгээний туслах ажилтан Л.Хорстманн нар хөтлөн явуулж ТХБ-ыг бүх насныханд оролцоонд суурилсан сонирхолтой хэлбэрээр хүргэх, түгээн дэлгэрүүлэх арга туршлагаасаа хуваалцлаа. Уг сургалтаар оролцогчид ТХБ-ын үзэл санааг илүү гүн гүнзгий ойлгож, онолын мэдлэгээ зузаатгаснаас гадна ТХБ-ын сургах-суралцах зарчим, сургагч багшийн чадамжаа хөгжүүлэх боломж, ТХБ-ын үзэл санааг оролцоог хангасан, хүртээмжтэй, бүтээлч байдлаар хүргэх арга зэргийн талаар өргөн хүрээний мэдлэг мэдээлэлтэй болов. Др. К.Генойсс, Л.Хорстманн нар мөн ЭБТ-д үйл ажиллагаагаа ТХБ-ын чиглэлээр өргөжүүлэх, хүрээгээ тэлэхэд нь үнэтэй мэдээлэл, зөвлөгөө өгөв.
Сургалтын үеэр ХБНГУ-н Бавари мужийн Мюнхен хотын Тойргийн амбан захирагч Кристоф Гёбель гэргийн хамт хүрэлцэн ирж, сургалтын үйл явц болон ЭБТ-ийн алсын хараа, ирээдүйн зорилго төлөвлөгөөтэй танилцсан нь бас нэгэн онцлох үйл явдал болов.
ЛМУ-ийн зочдын айлчлалын үр дүнд Герман, Монголын их сургуулиуд, боловсрол, сургалт, судалгаа, байгаль хамгааллын байгууллагуудын хооронд урт хугацааны хамтын ажиллагааны суурь тавигдсанаас гадна Монголын оролцогч талуудын хооронд мөн холбоо харилцаа тогтож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гүнзгийрүүлэх өргөн боломж нээгдэв.