Профессор Тору Обара “Цөмийн инженерчлэл” хөтөлбөрийн хүрээнд зөвлөгөө өгч ажиллалаа

Share Button

Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол Улсад хэрэгжиж буй MON0013 техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Монгол Улсын Цөмийн энергийн комисс, МУИС-ийн Инженер технологийн сургууль (ИТС) болон Цөмийн физикийн судалгааны төвөөс Токиогийн Технологийн Институтийн, Инновацын судалгааны хүрээлэнгийн “Тэг-нүүрстөрөгч” энергийн лабораторийн профессор Тору Обараг экспертээр урьсан юм. Профессор Тору Обара нь 2024-2025 хичээлийн жилийн эхний долоо хоногт буюу 2024 оны есдүгээр сарын 02-06-ны өдөр Монголын цөмийн салбарын сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, зөвлөгөө өгч ажиллав. Энэ хүрээнд МУИС-ийн ИТС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн хэрэгжүүлж буй дотооддоо магадлан итгэмжлэгдсэн Цөмийн инженерчлэл бакалаврын хөтөлбөр болон цөмийн ахисан түвшний хөтөлбөрүүд, МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв (ЦФСТ)-ийн сургалт судалгааны лаборатори, тоног төхөөрөмжтэй танилцлаа.

Профессор Тору Обара нь МУИС-ийн ректор Б.Очирхуяг болон ИТС-ийн захирал Ч.Сономдагва нартай уулзаж, МУИС-д хэрэгжиж буй цөмийн хөтөлбөр болон цөмийн судалгааны ажлын явцаас төрсөн сэтгэгдлээ хуваалцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн МУИС-ийн цөмийн хөтөлбөрийн багш, ЦФСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтнуудтай уулзаж, хамтарсан семинар хийлээ.

Профессор Тору Обара нь цөмийн реакторын физик, цөмийн реакторын голомтын дизайны судалгааны чиглэлээр Монголын дөрвөн доктор, нэг магистр удирдан чиглүүлж төгсгөсөн билээ. Эдгээрээс гурван доктор нь эх орондоо буцан ирж МУИС, ИТС болон ЦФСТ-д дэд профессор болон эрдэм шинжилгээний ажилтнаар амжилттай ажиллаж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар