МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооноос эрхлэн гаргадаг “Мэргэдийн алтан ном”-ын удаах цувралын нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.
Энэ удаагийн цувралаар МУИС-ийн хүндэт цолтнууд буюу шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан, эрдэмтэн, энхтайван, хүмүүнлэг, төр, олон нийтийн салбарын нэрт зүтгэлтэн гадаадын иргэд, түүнчлэн МУИС-ийн хөгжил, дэвшил, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын техник технологийн шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын эрдэмтэд болох МУИС-ийн Хүндэт доктор, Хүндэт профессор, Эмерит профессоруудын намтар, бүтээлийг хураангуйлан эмхэтгэжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн болон МУИС-ийн ахмад, багш ажилтнууд оролцож их сургуулийн түүхэн замнал, хөгжлийн талаар санал солилцон, цаашид хамтран хэрэгжүүлэх олон ажлын талаар зөвлөлдлөө.