БАЙГАЛИЙН ӨВИЙГ БАРИМТЖУУЛАХ НЬ: УРГАМЛЫН ЦУГЛУУЛГЫН САНГИЙН АЧ ХОЛБОГДОЛ, АРГА ЗҮЙ сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС, ШУС-ийн Биологийн тэнхим, Ургамал судлалын мэргэшүүлэх хөтөлбөрөөс ургамал судлалын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтэн, судлаачид, музейн ажилтан, их, дээд сургуулийн багш, оюутан болон сонирхогчдод зориулсан “Байгалийн өвийг баримтжуулах нь: Ургамлын цуглуулгын сангийн ач холбогдол, арга зүй” сэдэвт сургалт 2025 оны 09-р сарын 06-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Уг сургалтад МУИС, МУБИС, ХААИС, Шинэ Анагаах Ухаан Их Сургууль, ШУА Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагуудаас 40 гаруй оюутан залуус, судлаач, мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтын зорилго нь Монгол орны биологийн олон янз байдлыг судлан баримтжуулахад цуглуулгын сангийн гүйцэтгэх үүргийг онцлон, шинжлэх ухааны судалгаа, олон улсын хамтын ажиллагаанд ашиглах баталгаатай өгөгдөл бүрдүүлэх арга зүй, мэдлэг, ур чадварыг оролцогчдод олгоход оршино.

Сургалтын онолын хэсэгт МУИС-ийн зөвлөх проф. доктор Б. Оюунцэцэг МУИС-ын ургамлын цуглуулгын сангийн тухай,  хөгжлийн замнал болон өнөөгийн байдал, ХБНГУ-ын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн захирал, проф. доктор Карстен Веше, ургамлын тэнхимийн эрхлэгч, проф. доктор Кристиане Ритц нар ургамлын цуглуулгын сангийн менежмент, цуглуулгад суурилсан судалгааны ач холбогдол, цаашдын боломжийн талаар лекц үншлаа. Дадлагын хэсэгт ургамлын цуглуулгын дээжтэй ажиллаж, судалгааны арга зүйтэй танилцлаа.

Сургалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Биологийн тэнхимийн эрхлэгч профессор Л. Ариунцэцэг, Герман улсын Зенкенбергийн Байгалийн түүхийн музей, Биологийн олон янз байдлын хамгааллын төв, МУИС-ын Биологийн тэнхимийн оюутнуудад талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар