Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс хээрийн дадлага зохион байгууллаа

Share Button

   Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Хэл шинжлэл”, “Хэл, уран зохиол”, “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн IV түвшний оюутны “Хээрийн дадлага”-ыг 2024 оны аравдугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний танилцах дадлагыг Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Дуутын хад” хэмээх газар хийсэн бөгөөд дадлагыг тэнхимийн эрхлэгч дэд профессор Т.Эрдэнэ-Очир, профессор Т.Отгонтуул, С.Батхишиг, дэд профессор Б.Мөнгөнцэцэг, Ц.Батдорж, Ж.Ганбаатар, М.Жавхлан, докторант П.Даваадорж нар удирдан явууллаа. “Дуутын хар хадны бичээс” буюу “Цогт хунтайжийн бичээс”-ийн 400 жилийн түүхэн ой энэ жил тохиож байгаа юм.

   Халхын Цогт хунтайжийн Дуутын хадны бичээс XVI-XVII зууны үеийн монголын түүх, соёлын үнэт дурсгалын нэг юм. Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш 20 орчим км зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байх тэр хадыг “Дуут хад” хэмээн нутгийнхан нэрлэдэг. Ингэж нэрийдэх болсон учир нь төмрийн хүдрийн агууламж ихтэй хар хүрэн өнгөт тэдгээр хүрмэн чулууг тогшиход жингэнэсэн дуу авиа гардаг аж. Нутгийн ард энэхүү хадыг ихэд хүндэтгэн шүтдэг бөгөөд хэрэв зүй бус хандан зориуд цохиж дуу гаргаваас “тэнгэр хангай хилэгнэн аянга цахилгаан бууж, гал усны аюул тохиолдоно” хэмээдэг байна. Энэ нь өвөг дээдсээс үлдээсэн бичиг соёлын дурсгалыг сэвтээх, гэмтээхээс болгоомжлон “догшин газар” гэж бусдаас хамгаалсан хэрэг юм.

   Дуутын хадны бичээсийн шүлгийг Цогт хун тайж 1621 оны намар хэлсэн гэж түүхэнд тэмдэглэжээ. Хангай ханд авлаж яваад өндөр уулан дээр гарч сэтгэл нь уяран нэгэн шүлэг цээжээр зохиосныг хамт явсан Эрх хиа тогтоож, сударлан авсныг хожим 1624 оны хаврын тэргүүн сарын арван найманд Дуутын хаднаа Дайчин хиа, Гүен баатар нар бичиж үлдээсэн байна. Уг хад гаднаа хүрэн бор боловч дотроо цагаан саарал өнгөтэй бөгөөд бичээсийг сийлснээс хойш 400 жил өнгөрч байгаа ч хар самбар дээр цагаан шохойгоор саяхан бичсэн мэт тод харагддаг юм. Дуутын хадны бичиг их, дунд, бага гурван бичээсээс бүрдэх ба олонд танигдсан нь Их бичээс юм. Түүнд:

Дээр тэнгэр ханы аху хийгээд

Дэлхий дэх хан богдсын аху газар

Дээр доорын ялгал болбоос бээр

Жаргал хайрлал хоёрын агаараа нэгэн буй.

Агнистийн агуй дахь бодисад нар хийгээд

Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Аху газар ангид болбоос

Асрах нигүүлсэхүйн агаараа нэгэн буй.

Энд хан богдсын сайн түшмэд хийгээд

Эрүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр болбоос

Зөв бурууг ялгахын агаараа нэгэн буй.

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангид болбоос

Алан идэхийн агаараа нэгэн буй.

Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр болбоос

Идэхүйг хүсэх сэтгэлийн агаараа нэгэн буй.

Онон мөрөнд аху халуут эгч минь хийгээд

Орхон, Туулд агч өвчит бид хоёр

Халх, оннигудын газар хол болбоос бээр

Хайрлан санагалзахын агаараа нэгэн буй за.

Энэ биедээ эс золголцвоос

Үүнээс хойд төрөл тутамдаа

Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай

хэмээн шүлэглэжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар