ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас зохион байгуулдаг дэлхийн улс орнуудад Оросын хэл, соёл, боловсрол, шинжлэх ухааны ололтыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүдэд “Оросын боловсрол, шинжлэх ухааны элч” цол хүртээх хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн сарын 26-нд Москва хотноо болжээ.
Хоёр дахь жилдээ олгож буй эрхэм хүндтэй цолыг энэ онд Монгол, Энэтхэг, Индонез, Вьетнам, Египет, Гвиней зэрэг улсын 13 хүн хүртсэний нэг нь Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор, М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хүндэт профессор, хэл шинжлэлийн ухааны доктор Цэрэнчимэдийн Саранцацрал.
Тэрбээр Москвагийн Улсын их сургуулийн Хэлбичгийн факультетыг 1977 онд төгсч ирснээс хойш Монголын дээд боловсролын салбарт тасралтгүй 47 дахь жилдээ зүтгэж яваа нэгэн билээ. Багшлах хугацааныхаа дийлэнхийг МУИС-тай холбосон Ц.Саранцацрал доктор орос хэл, орос судлал, олон улсын харилцаа, тэр дундаа дипломат орчуулгын чиглэлээр олон шавь бэлтгэсэн төдийгүй хэл шинжлэлийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулсан судлаач эрдэмтэн юм.
Ц.Саранцацрал багш Москвагийн Улсын их сургуульд 1987 онд “Үйлдүүлэх утгыг орос хэлэнд илэрхийлэх арга замууд” сэдвээр дэд доктор (Ph.D), мөн сургуульд 1993 онд “Үйлдүүлэх хэлэхүйн үйлдэл, түүний хэлбэрүүд болон тэдгээрийг орос хэлэнд илэрхийлэх аргууд” сэдвээр шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан хэл бичгийн ухааны Монголын анхны эмэгтэй доктор.
Энэ удаагийн “Оросын боловсрол, шинжлэх ухааны элч”-д дэлхийн улс орнуудын төлөөлөл 100 гаруй хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд тэднээс 13 нь энэ цолыг хүртсэн. Эзэмшсэн мэргэжил, эрдэм судлалын болон нийгэм, соёл, гадаад харилцааны салбарт үр дүнтэй өргөн далайцтай ажилласан зүтгэлээрээ эх орныхоо нэрийг гарган эрхэм хүндтэй цол хүртсэн доктор, профессор Ц.Саранцацрал танд баяр хүргэе.