Монгол орны сээртэн амьтдын улаан дансны дахин үнэлгээг хийх ажил эхлэв

Share Button

Дэлхийн хүн ам, хэрэгцээний хязгааргүй өсөлт, зүй зохисгүй хэрэглээ нь байгалийн нөөц хомсдох, жам ёсны үйл явцыг хазайлгах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг доройтох, хомсдох шалтгаан болж, олон зүйл ургамал, амьтан мөхлийн ирмэгт ирэв. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбоо олон улсын байгууллага Зүйлийн Улаан дансны шалгуурыг 1970-аад оноос гаргаж, уг шалгуураар ургамал, амьтны ховордлын зэрэглэлийг үнэлж, шаардлагатай зүйлүүдэд хамгааллын төлөвлөгөөг боловсруулдаг.

Монгол Улс сээр нуруутан амьтдын зүйлийг ДБХХ-ны Улаан дансны шалгуураар 2006 онд үнэлж дуусгасан нь бүх сээртэн амьтдаа бүрэн үнэлсэн Азийн хувьд анхны орон болсон юм. Түүнээс хойш 18 жил өнгөрсөн ба энэ хугацаанд шугаман дэд бүтэц, газар тариалан, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын талбай, хэрэглээ, малын тоо толгой зэрэг хүчин зүйлийн нөлөө ихсэж олон зүйл ургамал, амьтны тоо толгой, тархац, нягтшил, нөөц өөрчлөгдөн, мөн үндэсний болон болон улсын хэмжээний байгаль хамгааллын бодлого, эрх зүйд өөрчлөлт орсны улмаас зүйлийг дахин үнэлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.

Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам захиалж, Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн газар санхүүжүүлэн МУИС, Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон бусад төрийн ба төрийн бус байгууллагууд хамтран Монгол орны хөхтөн амьтдын 140 зүйл, мөлхөгчдийн 22 зүйл, хоёр нутагтны 7 зүйл, загасны 75 зүйлийг ДБХХ-ны Бүс нутгийн Улаан дансны шалгуураар үнэлэх ажлын анхны уулзалтыг 2024 оны 12 дугаар сарын 11-нд МУИС-ийн Номын санд зохион байгуулж, харилцан санал солилцож, үйл ажиллагааны хүрээ, явцыг тохирлоо.

Тэд 2025 оны 4 сард багтаан Монгол орны хөхтөн, мөлхөгч, хоёр нутагтан, загасны зүйл бүрийг дахин үнэлж, улаан данс ба хамгаалал бүтээлийг эмхэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар